Ю.Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг Дорнодод тэмдэглэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-09-19 14:20:58

Төр, нийгмийн нэрт нэрт зүтгэлтэн Юмжаагийн Цэдэнбалын мэндэлсний 100 жилийн ойг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон. Энэ хүрээнд Дорнодод их удирдагчийн ойг тэмдэглэх үйл ажиллагаа энэ сарын 15-23-ны хооронд үргэлжилж байна.

Ойг тэмдэглэн өнгөрүүлэх тухай аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг томилогдож, түүний намтар түүхтэй холбоотой үзэсгэлэн дэлгэгдэхээс гадна онол- практикийн бага хурал, телевизийн нэвтрүүлэг бэлтгэх, түүхэн удирдагчийн тухай хойч үеийнхэндээ уламжлан үлдээх олон төрлийн ажил зохион байгуулж байгаа юм.

Монголын төр, засгийг 44 жил тэргүүлсэн Ю.Цэдэнбал агсны амьдралын замналыг алдаршуулах зорилгоор  “Эрдэм судлалын төв Ю.Цэдэнбалын академ”-ийн салбарыг Дорнод аймагт 2010 оны 3 дугаар сард байгуулжээ.

Ю.Цэдэнбал даргын хувьд Дорнод аймгийн эрт, эдүгээгийн олон түүхтэй холбоотой. ЗХУ-ын Чита мужтай байнгын сайн хөршийн харилцаа тогтоож, хоёр улсын найрамдалт харилцааны үндсэн дээр Чойбалсан хотыг үйлдвэржүүлэх, хөдөөгийн хөгжлийг түргэтгэх, Атрын 3-р аяны хүрээнд хэд хэдэн сангийн аж ахуйг байгуулсан. Мөн түний гэргий Анастасия Филатова Цэдэнбала “Хүүхдийн фонд-ыг тэргүүлж байхдаа Дорнод аймагт цэцэрлэг-яслийн комбинатыг барьж байгуулахад онцгой анхаарч байсныг мартах учиргүй юм.

Ю.Цэдэнбал дарга Дорнод аймагт хамгийн анх Халхголын дайны үед, хамгийн сүүлд 1979 онд ажлын айлчлал хийж байжээ.    

Б.Туяа

 

 

Related news