Анхны хүмүүс 45 мянган жилийн өмнө Сибирьт нүүдэллэн иржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2023-09-25 13:11:08

МОСКВА. /TASS/. Өнөө цагийн оюун ухаант хүмүүсийн өвөг дээдэс болох хомо сапиэнсууд /Homo sapiens/ 40-45 мянга орчим жилийн өмнө Сибирийн өмнөд бүс нутгуудад мөстөлтийн үеийн хамгийн сүүлийн "дулаарлын" үеэр нүүдэллэн ирж, суурьшсан байна. Үүнийг Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг судалж буй Япон, АНУ-ын эрдэмтэд Байгал нуурын орчимд малтлага хийх явцдаа тогтоожээ. 


“Ойролцоогоор 40-45 мянган жилийн өмнө Байгал нуурын ойр орчимд ер бусын дулаан уур амьсгалтай байсныг нуурын эрэг хавиар хийсэн малтлага, чулуужсан цэцгийн тоосонцорт хийсэн шинжилгээ харууллаа. Байгал нуураас зүүн зүгт Усть-Ишимээс олдсон хүмүүсийн үлдэгдэл яс энэ үед хамаардаг бөгөөд тэдний ДНХ нь неандертальчууд биш хомо сапиэнсууд байсныг нь нотолж байна” гэж малтлагын багийн ахлагч Канзасын Лоуренсийн их сургуулийн профессор Тед Гебель ярилаа.


Орчин үеийн хүний анхны өвөг хомо сапиэнсын анхдагч болох кроманьоны хүмүүс (Cro-Magnon) 100-130 мянга орчим жилийн өмнө Африкаас Ази, Европ тивд нүүдэллэн ирж суурьшсан гэж хүн судлаачид үздэг. Харин Европ, Сибирь, Алс Дорнодын нэлээд хэсэг нь мөсөн бүрхүүлээр бүрхэгдсэн байсан тул энэ нүүдэл хэзээ, ямар замаар явагдсан бэ гэдэг нь одоо ч эргэлзээ дагуулсаар байгаа юм. 


Тэгвэл хүн анх ирэх тэр үед Сибирийн өмнөд хэсгийн уур амьсгал ямар байсныг профессор Гебель болон түүний багийнхан  тогтоожээ. Япон, Америкийн эрдэмтэд Байгал нуурын өмнөд эрэгт малтлага хийхдээ үүнийг баталсан байна. Тэд Байгал нуурын ёроол болон ойролцоох нууруудад хэдэн арван мянган жилийн турш хуримтлагдасан лаг шаврын найрлага, бүтцийг судалжээ. 


Эртний Сибирийн зөөлөн уур амьсгал

Судлаачдын тайлбарласнаар, эртний Сибирийн лаг давхаргууд нь олон төрөл зүйлийн ургамлын цэцгийн тоосонцрыг агуулдаг бөгөөд тэдгээрийн хэлбэр, хэмжээ болон бусад шинж чанар нь хоорондоо ихээхэн ялгаатай байдаг. Тиймээс ургамлын төрөл зүйл бүрийн бүтцийг тогтоож, нуурын эрэг орчмын цаг уурын нөхцөлийг нарийн тодорхойлох боломжтой ажээ. Тодруулбал, 40-45 мянга орчим жилийн өмнө Байгал нуурын өмнөд эргийн орчмын уур амьсгал харьцангуй чийглэг, дулаан байжээ. Хур тунадасны хэмжээ тухайн үед одоогийнхтой ижил байсан бол долоодугаар сарын дундаж температур өнөөдрийнхөөс Цельсийн 3 хэмээр бага байсан гэж таамаглаж байна. Ойролцоогоор 72-78 мянган жилийн өмнө, мөн 53 мянган жилийн өмнө Сибирийн өмнөд хэсэгт ийм дулаарал явагдаж байжээ.


Магадгүй Сибирийн хамгийн эртний хомо сапиенсын үлдэгдэл байж болох 2008 онд Усть-Ишим орчмоос олдсон хүний ясны үлдэгдэл энэ үед хамаарч байгаа тул 40-45 мянган жилийн өмнөх дулаарал судлаачдын анхаарлыг ихэд татсан байна. Энэ дулаарал нь тухайн үед нарс, гацуур, хуш модон ойгоор бүрхэгдсэн Сибирийн өмнөд хэсэгт хүний өвөг дээдэс нүүдэллэн ирэхэд нөлөөлсөн бололтой.


Сибирь рүү хийсэн эртний хүмүүсийн нүүдэл нь 38-40 мянга орчим жилийн өмнө Италид галт уул дэлбэрсний дараа Европ тивд болсон хүйтрэлтээс шалтгаалсан бус харин дулааралттай холбоотой гэдгийг Байгал нуурын орчимд хийсэн малтлага харуулж байна гэж профессор Гебель ба түүний багийнхан дүгнэжээ. Энэ болон өмнөх таамаглалууд дараа дараачийн судалгаагаар улам баталгаажна хэмээн тэд найдаж байна.



Related news