БАЯН-ӨЛГИЙ: Аймгийн нутгаар цас 3 дахь хоногтоо үргэлжлэн орж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2023-09-26 16:10:24

Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ихэнх нутгаар энэ сарын 24-ний өдрөөс эхлэн цас үргэлжлэн орж байна.


Өнөөдрийн байдлаар тус аймгийн Сагсай сумын Даян багт 8 см, Дэлүүн сумын нутгаар 4 см, Цэнгэлд 3 см, Өлгий хот орчмоор 2 см, бусад сумын нутгаар 1 см цас орсон. Мөн өнгөрсөн шөнө Ногооннуур, Баяннуур сумаас бусад бүх нутгаар 0,8-4 мм хур тунадас буужээ.


Гурав дахь хоногтоо үргэлжлэн орсон цасны улмаас Улаанхус сумын 1 дүгээр баг, Сагсай сумын Даян багийн малчдын мал бэлчиж чадахгүй байгаа тухай иргэд хэлж байгаа. Мөн Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын Бураат, Зээгт зэрэг даваануудад их хэмжээгээр цас унасан бөгөөд зам арчилгааны "Жол" компани газар дээр нь ажиллаж, тээврийн хэрэгслүүдэд чөлөөтэй зорчих боломж бүрдүүлж байгаа гэдгийг аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.


Аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төвөөс өгсөн мэдээллээр тус аймгийн нутгаар цас маргааш буюу 27-ны өдрийн өглөөний 9.00 цаг хүртэл үргэлжлэн орно.  


Иймд жолооч нар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлаа хангаж хөдөлгөөнд оролцох, замд халтиргаа гулгаа үүсэх, даваа гүвээ цасанд хаагдах зэрэг болзошгүй эрсдэлээс сэрэмжтэй байхыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна. 

Related news