Карабахын армянчуудад иргэншил олгох төлөвлөгөөг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2023-10-03 11:42:38

БАКУ. 2023 оны аравдугаар сарын 3 /APA/. Азербайжаны талаас Уулын Карабахын армянчуудтай харилцах асуудал хариуцсан ажилтан Рамин Мамедов Евлах, Хожалы суурингуудын армянчуудтай уулзах үеэрээ тэдэнд хоёрдахь удаагаа иргэншил олгох тухай төлөвлөгөөг танилцуулжээ. 


Азербайжаны талын боловсруулсан уг төлөвлөгөөнд Карабахын иргэд хэл соёлоо хадгалах, хөгжүүлэх, мөн шашин шүтэх эрх чөлөө, соёлын болон шашны дурсгалыг хамгаалах, түүнчлэн армян хэлээ ашиглах боломжийг баталгаажуулсан байна.


“Дахин иргэншил олгох төлөвлөгөөг “Бүгд Найрамдах Азербайжан Улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, бүрэн эрхт байдлын хүрээнд тус улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжууд, олон улсын өмнө хүлээсэн үүрэгт тулгуурлан хэрэгжүүлнэ. Үндэс угсаа, шашин шүтлэг, хэлний харьяаллаас үл хамааран хүн бүрийн тэгш эрх, эрх чөлөө, тэр дундаа хүн бүрийн аюулгүй байдал баталгаажсан” гэж Азербайжаны APA агентлаг мэдээлжээ.


Төлөвлөгөөний дагуу Уулын Карабахыг Азербайжаны Ерөнхийлөгчийн тусгай төлөөлөгчийн газрууд удирдах бөгөөд тэдгээрийн үйл ажиллагаанд армянчуудыг оролцуулах төлөвтэй байна. Тус бүс нутагт нутгийн захиргаа байгуулагдаж, оршин суугчдыг Азербайжаны иргэншилтэй болгох асуудлыг тус улсын хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ.


Карабахын армянчуудын зэвсгийг хураах, цэргээс халах үйл явц дуусаж байгаа бөгөөд армянчууд ч ажиллах боломжтой Азербайжаны Дотоод хэргийн яамны харьяа байгууллагууд дэг журам, аюулгүй байдлыг хариуцна гэж төлөвлөгөөнд тусгажээ.


Азербайжаны эрх баригчид "тодорхой хугацаанд" улс орон даяарх дундаж түвшний нийгмийн дэд бүтцийг Карабахад байгуулахаар төлөвлөж байна. Карабах, Зүүн Зангезур (2020 онд Азербайжаны хяналтад орсон) бүс нутгуудад эдийн засгийн онцгой дэглэм нэвтрүүлж байгаа бөгөөд үүнд нутгийн оршин суугчдыг урамшуулах багц арга хэмжээнүүд, тэдгээрийн дотор татвар, гаалийн хөнгөлөлт зэрэг багтжээ. Түүнчлэн нутгийн бизнес эрхлэгчид, тариаланчдад хөнгөлөлт үзүүлэх аж. 


Арменийн эрх баригчдын мэдээлснээр, Азербайжаны арми цэргийн ажиллагаа явуулахаас өмнө Уулын Карабахад 120 мянга орчим армян оршин сууж байжээ. Тус бүс нутаг дахь Хүний эрхийн комиссар Гегам Степаняны хэлснээр, байлдааны ажиллагааны улмаас  200 орчим хүн амь үрэгдэж, 400 гаруй хүн шархадсан байна. Аравдугаар сарын 2-ны өглөө Арменийн Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Назели Багдасаряны мэдээлснээр, бүс нутгаас Армени руу дүрвэгсдийн урсгал үндсэндээ зогсжээ. Уулын Карабахаас нийт 100 520 хүн тус улсад ирээд байна.





Related news