Уянгын яруу найргийн гол төлөөлөгч, сэтгүүлч, орчуулагч Мишигийн Ширчинсүрэнг дурсахуй

ТОЙМ
batbold.sh@montsame.gov.mn
2023-10-17 20:04:21
@ShoovdorBatbold

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 17 /МОНЦАМЭ/. Яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч Мишигийн Ширчинсүрэн агсны мэндэлсний 90 жилийн ой энэ онд тохиож байна.


Тэрбээр 1933 оны хоёрдугаар сарын 6-нд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Өрөлт хэмээх газар төрж, Тариалан сумын бага сургуулийг 1945 онд, Мөрөн хотын 10 жилийн дунд сургуулийг 1951 онд, МУИС-ийн Монгол хэл, уран зохиолын ангийг 1955 онд тус тус төгсөж, улмаар 1968-1970 онд ЗХУКН-ын дэргэдэх Намын дээд сургууль суралцсан эрдэм номын намтартай, амьдарлынхаа 35 жилийг Мэдээлэл, радио, телевизийн улсын хороо, МОНЦАМЭ агентлагт хэлтсийн дарга, Хариуцлагатай редактор, Ерөнхий редактор, Утга зохиолын нарийн бичгийн даргаар ажилласан нэгэн үеийн шилдэг сэхээтэн, чадварлаг уран бүтээлч байсан юм. М.Ширчинсүрэн нь 1998 оны хоёрдугаар сарын 6-нд өвчний учир таалал төгсжээ.


Монголын зохиолчдын эвлэл, М.Ширчинсүрэн агсны үр хүүхэд, төрөл төрөгсөд, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, МУИС, МУБИС, Сити их сургууль хамтран Монголын орчин үеийн уран зохиол дахь уянгын яруу найргийн нэрт төлөөлөгч түүний мэндэлсний 90 жилийн ойд зориулан "Мишигийн Ширчинсүрэн: Туурвил зүй, өв сан" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, "Их Монгол" номын нээлтийг аравдугаар сарын 16-ны өдөр зохион байгууллаа.


Эрдэм шинжилгээний хурлыг МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн гишүүн П.Нямлхагва нээж, УИХ-ын гишүүн, БШУ-ы сайд Л.Энх-Амгалан илгээлт ирүүлэв. Хуралд ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор Ж.Бат-Ирээдүй, МОНЦАМЭ агентлагийн Дотоод мэдээний албаны дарга Ш.Батболд нар товч үг хэлж, CГЗ, доктор, профессор Ч.Дагвадорж, доктор, профессор Ч.Жачин, доктор, дэд профессор Б.Энхээ, доктор Б.Мөнхбаяр, судлаач Б.Мөнх-Эрдэнэ,  судлаач Х.Чойдогжамц, яруу найрагчийн охин Ш.Алтанзагас нар илтгэл хэлэлцүүлэв. Мөн Ардын уран зохиолч Ж.Саруулбуян, МОНЦАМЭ агентлагийн ахмад ажилтан Б.Зоригт нар яруу найрагч, сэтгүүлч, орчуулагч М.Ширчинсүрэнтэй хамт ажиллаж байсан үеэ дурсаж, Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Нямдаваа орон нутагт яруу найрагчийн өвийг хамгаалж, зохиол бүтээлийг түгээн дэлгэрүүлж байгаа туршлагаасаа  хуваалцав.


Яруу найрагч М.Ширчинсүрэн

Хонгор зулын толгой

Бөхийн бөхийн найгана

Хоёр нүдний нулимс

Бөмбөрөн бөмбөрөн унана… хэмээн бичсэн М.Ширчинсүрэн бол 1950-иад оны эхээр МУИС-д суралцаж байхдаа уран бүтээлээ эхлүүлсэн, 1960-1980-аад оны Монголын уянгын яруу найргийн гол төлөөлөгч, Монголын уран зохиолд: 

  • Утга уянгын шүлгийг бий болголцсон
  • Дууль шүлгийн анхны шанг татсан
  • Дөрвөн мөрт шүлгийн эхлэлийг тавьсан
  • Аж байдлын сэдэвт шүлгийн мөрийг гаргасан, уянгын яруу найраг, монгол дуулиараа Монголын яруу найргийн ертөнцөд үлдсэн уран бүтээлч хэмээн утга зохиол судлаачид үздэг яруу найрагч юм.

Тэрбээр "Хаврын орой" анхны шүлгээ 1953 онд "Залуучуудын үнэн" сонинд хэвлүүлж, 1956 онд "Борооны дусал" анхны шүлгийн түүврээ гаргажээ. Түүний анхны номыг тухайн үеийн МУИС-ийн ректор Дондогийн Цэвэгмид редакторлож байжээ. Энэ цаг үеэс хойш "Уулын нарийн жимээр", "Уярсан сэтгэл", "Гал голомт", "Сайхан айл", "Хүслийн хүлэг", "Эрдэнийн эрхи", "Өгсүүр зам" зэрэг уран бүтээлийн 20 гаруй ном хэвлүүлж, МЗЭ-ийн болон Д.Нацагдоржийн нэрэмжит шагналаар шагнуулсан, түүний хамгийн сүүлчийн бүтээл нь "Их Монгол" хэмээх түүхийн сэдэвтэй шүлэглэсэн роман юм.


Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан нэгэнтээ "Би шүлэг бичихийг Ширчинсүрэнгээс сурсан" хэмээж байсан бол Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Цоодол түүний тухай "Яруу найргийн баатар цагаан" гэж дуун алдаж байжээ.


Мөн Академич Х.Сампилдэндэв "М.Ширчинсүрэн 1960-аад оны сэтгэлийн уянгад өөрийн гэсэн дуу хоолой нэмэрлэсний нэгэн адил малчны ахуй, хөдөө нутгийн байгалийн гоо сайхантай сэтгэл зүрхээрээ холбоотой яваа хүний уянгын дүрийн өвөрмөц хэв шинжийг урлан, аж байдлын сэдэв бүхий хүүрнэлийн уянгын нэг хэлбэр болсон дурсамж шүлгийн төрх төлөв бүрэлдэхэд зохих хувь нэмрээ оруулсан юм", Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч, утга зохиол судлаач, доктор, профессор Ч.Дагвадорж "Мишигийн Ширчинсүрэн бол Монгол хамгийн уянгалаг, гүн гүнзгий сэтгэдэг яруу найрагч", Монгол Улсын Гавьяат багш, утга зохиол судлаач, доктор, профессор Д.Галбаатар "Яруу найрагч М.Ширчинсүрэн 1960-1980-аад оны дууль бичлэгийн том төлөөлөгч төдийгүй монгол дуулийн төрөл зүйлийг боловсруулан хөгжүүлэгчдийн нэг юм", доктор П.Батхуяг "М.Ширчинсүрэн зарим ахмадуудын бахархалтайгаар дүгнэх дуртайчлан "монгол сэтгэлгээтэй яруу найрагч" юм. Ингээд л бол оо. Үнэндээ өөр илүү олон үг энэ яруу найрагчид хэрэггүй дээ" гэсэн байна.


Зохиолч, утга зохиол судлаач П.Батхуяг түүний бүтээлийг судалж 1998 онд "М.Ширчинсүрэнгийн яруу найргийн төрөл зүй, уран чадварын асуудал" сэдвээр, Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн сургалтын менежер Б.Нямдаваа М.Ширчинсүрэнгийн туурвилзүйн асуудлаар тус тус хэлбичгийн ухааны магистрын зэрэг хамгаалжээ. Түүний шүлэг, яруу найраг орос, болгар, унгар, герман, румын зэрэг олон хэлнээ орчуулагдсан байна.


М.Ширчинсүрэнгийн охин Ш.Алтанзагас "Манай аавыг дунд сургуульд байхад нь Жамцын Бадраа гуай багшаар нь ажиллаж байсан юм билээ. Энэ хүний ачаар номд дуртай болж, ирээдүйн мэргэжлээ сонгон, шүлэг яруу найраг сонирхох болсон хэмээн аав дурсдаг байсан. Аав минь өглөө гараад шөнө гэртээ орж ирдэг, зав чөлөөгүй ажилладаг хүн байжээ. Уран бүтээлээ гадаад, дотоод томилолт, ээлжийн амралт, заримдаа зайлшгүй шаардлагаар эмнэлэгт хэвтэх үедээ л туурвисан даа. Өөрөө ч ингэж хэлдэг байлаа" хэмээн дурслаа.


Сэтгүүлч М.Ширчинсүрэн

Түүний амьдралынхаа ихэнх хугацааг зориулсан салбар нь хэвлэл мэдээлэл байсан бөгөөд 1958 онд МОНЦАМЭ агентлагт хэлтсийн даргаар томилогдож ирснээс хойш гавьяаныхаа амралтад гартлаа Мэдээлэл, радио, телевизийн улсын хороонд хэлтсийн дарга, Утга зохиолын нарийн бичгийн дарга, Хариуцлагатай редактор, Ерөнхий редактор зэрэг албыг хашсан сэтгүүлч, редактор юм.


Тэрээр энэ хугацаанд хэвлэл мэдээллийн нарийн төвөгтэй ажилд залуу сэтгүүлчдийг удирдан чиглүүлдэг, хянан найруулах ажилд мэргэшсэн, тухайн үеийн баяр наадмын парад, хөдөлмөрчдийн жагсаалын зохиол найруулгыг бичиж, шууд сурвалжилга, баримтат кино хийдэг гол уран бүтээлч байжээ.


М.Ширчинсүрэн нь Монгол телевизийн анхны баримтат кино болох илгээлт өвөрлөн хөдөө орон нутагт очиж мал маллаж байгаа залуучуудын тухай "Анхны хавар" /1972/, атар газарт ажиллахаар зорьж буй залуусын тухай "Бид атарт явлаа" /1976/, Германы фашизмыг ялсны 30 жилийн ойд зориулсан "Мөнх алдар" /1975/, Дэлхийн хоёрдугаар дайны фронтод бэлэг хүргэсэн эмэгтэйн тухай өгүүлсэн "Фронтын Цэгмид" /1976/, Монголын үзэсгэлэнт газар нутгийн тухай "Найман нуур" /1978/ зэрэг теле баримтат кинонуудыг бүтээж, 1979-1983 онд Москвагийн радиод найруулга зүйн редактороор ажиллаж байхдаа 1980 оны Москвагийн олимп, 1981 оны монгол хүн сансарт ниссэн үйл явдлыг газар дээрээс нь сурвалжлан мэдээлж байжээ.


Орчуулагч М.Ширчинсүрэн

М.Ширчинсүрэн нь яруу найрагч, сэтгүүлч төдийгүй авьяаслаг орчуулагч байжээ. Тэрбээр В.Шекспирийн "Дуулиуд", А.С.Пушкиний "Цыганууд", "Зэс морьтой хүн", Янка Купалагийн "Одесса голын дээгүүр", А.Гайдарын "Цэнхэр аяга", С.Маршакийн "Заан Пунчи", Литвийн зохиолчдын "Өрөвтасын бяцхан дэгдээхий" түүвэр, М.Исаев "Уянгын шүлгүүд" зэрэг шүлэг, найраглал, туужуудыг орчуулж ном болгон монголчуудын хүртээл болгожээ.


Мөн "Их завсарлага" Зөвлөлтийн олон ангит уран сайхны кино, 1980-аад оны эхэн үеийн шилдэг бүтээл, Оросын алдарт найруулагч В.В.Меньшовийн "Амьдрал нулимсанд дургүй" киног орчуулсан ажээ. Түүнчлэн тухайн үеийн Монгол телевизэд зориулж шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон баримтат киног орчуулжээ.


Related news