МУИС ярьдаг, сонсдог номын сантай боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 20 /МОНЦАМЭ/. МУИС тэгш хамруулах үйлчилгээг хүртээмжтэй болгох, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн сурах үйл ажиллагааг дэмжих, сургалтын орчин нөхцөлийг ээлтэй болгох зорилгоор хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад зориулан сонсдог, ярьдаг ном бүхий өрөөг тохижууллаа.
Тус өрөөг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй суралцагч ашиглах бөгөөд хичээл сургалтын тохируулга бүхий орчинг бүрдүүлж буйгаараа онцлог юм.
МУИС-д энэ хичээлийн жилд нийт 26 мянган оюутан суралцаж байгаагаас 109 нь хөгжлийн бэрхшээлтэй оюутан байна. Энэ нь нийт оюутны 0.5 хувийг эзэлж байгаа юм. Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдадаа зориулсан тусгай өрөөг номын сан болгон тохижуулж өгсөн нь энэ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй оюутнууд өнөөдрөөс эхлэн бусадтайгаа адилхан компьютер ашиглаж, хүссэн номоо унших боломжтой болж байна. Тухайн өрөөнд суурилуулсан компьютерүүдэд монгол дуу хоолойгоор ярьдаг программуудыг суулгажээ.
МУИС-ийн Оюутны хөгжлийн төвийн эрхлэгч М.Эрдэнэчимэг хэлэхдээ, “Ярьдаг, сонсдог номын сан технологийн шийдэл, техник тоног төхөөрөмж, ном, сурах бичгийн хувьд оюутанд аль болох хүртээмжтэй байхаар бэлтгэгдсэн. Оюутнуудын түгээмэл хэрэглэдэг номуудыг сонсдог ном болгож суулгасан. Оюутнууд тоног төхөрөөмжийн тусламжтай ном, сурах бичгийн асуудлыг чөлөөтэй шийдэх боломжтой болж байна” гэв.
Ярьдаг, сонсдог номын сангийн шинэ программуудыг ажиллуулж, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдад ямар дөхөм болсныг Хараагүй хүмүүсийн инновац хөгжлийн төвийн тэргүүн М.Цэнгэл ярилаа.
Өнөөдрийн байдлаар манай улсад 115 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн бий. Үүнээс их, дээд сургуульд хөгжлийн бэрхшээлтэй 414 оюутан суралцаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй суралцах хүсэл эрмэлзлэлтэй оюутнуудад бүгдэд ийм боломж нээлттэй байвал дээд боловсрол эзэмшихээр суралцах хөгжлийн бэрхшээлтэй оюутнуудын тоо нэмэгдэж, амьдралын чанар дээшлэх боломжтой гэдгийг сургуулийн удирдлагууд хэлж байлаа. Тус сургуулийн ярьдаг, сонсдог номын сан нь монголдоо анхдагч болж байна.