Дээд дамжааны оюутнуудын архины хэрэглээний давтамж өндөр гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-09-21 10:47:20

Оюутны эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд “Эерэг хандлага-Эрүүл оюутан” уриан дор өчигдөр Бөхийн өргөөнд 5000 оюутныг хамарсан арга хэмжээний үеэр оюутнуудын согтууруулах ундааны хэрэглээ, судалгаанд оролцогчдын 89.5 хувь нь архи согтууруулах ундаа амсаж үзсэн хэмээн гарсан хэмээн мэдээллээ.

“Оюутнуудын 38.8 хувь нь архи хэтрүүлэн хэрэглэдэг ба архины хэтрүүлэн хэрэглээ, давтамж зэрэг нь дээд дамжааны оюутнуудад өсөх хандлагатай төдийгүй 7 хоногт 1-4 удаа архи согтууруулах ундаа хэрэглэдэг давтамж нь өндөр байна.15-24 насны бүлгийн эрэгтэй 25 хувь, эмэгтэй 14.1 хувь тамхи татдаг. Мөн 2015 оны эрүүл мэндийн үзүүлэлтээр зонхилон тохиолдох бэлгийн замаар дамжих халдвараар өвчлөгсдийн 43.4 хувь буюу 15-24 насны залуучууд эзэлж байгаа нь анхаарал татаж байсан. Тиймээс энэ удаа урлаг соёлын арга хэмжээг эрүүл амьдралын хэвшил, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх мэдээллийг хамтатган өгснөөрөө шинэлэг боллоо” гэдгийг зохион байгуулагчид хэлэв.

Тус арга хэмжээг нээж Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр нар үг хэлэхдээ "Спиртлэг байх уу спортлог байх уу, тамхичин байх уу, тамирчин байх уу гэдэг нь оюутан танаас бүрэн хамаарна" гэв.

Урилгаар “Увертюра”, “Мотив”, “Extacy” хамтлаг, МС МВ, бүжгийн хамтлаг оролцож ая дуугаа өргөн оюутан залууст өглөөний цайг ууж хэвших, эрүүл мэнддээ анхаарч амьдрахыг уриаллаа. Мөн оюутан залуусын дунд хөгжөөнт уралдаан зарласан бөгөөд 13 оюутан оролцсоноос 6 ялагчийг тодруулж фитнессийн сарын эрхээр шагнаж урамшуулав.

Энэ үеэр тэмбүү, сүрьеэ өвчин, ХДХВ/ДОХ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдээллийн хуудас, зөв хооллолт, дасгал хөдөлгөөний ач холбогдол, зам тээврийн ослоос сэргийлэх брошур зэргийг тараасан нь оюутнуудын талархлыг хүлээсэн юм. 

Тус арга хэмжээг ЭМЯ, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, БСШУСЯ, Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэн, Гэр бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, НҮБ-ын Хүн амын сан, ДЭМБ, Монголын их дээд сургуулиудын консорциум хамтран зохион байгуулав.

Ж.Болор

 

Related news