Япон улс ОУВС-гийн хоёр дахь том хувьцаа эзэмшигч хэвээр байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-11-08 17:43:46

ВАШИНГТОН, 2023 оны арваннэгдүгээр сарын 8 /Kyodo/. Олон улсын валютын сангийн (ОУВС) Гүйцэтгэх зөвлөлөөс гишүүн улс тус бүрийн квотыг одоогийн хувьцаа эзэмшлийн харьцааг өөрчлөхгүйгээр 50 хувиар нэмэгдүүлэх саналыг мягмар гарагт дэмжжээ.


Ингэснээр Япон улс ОУВС-ийн хоёр дахь том хувьцаа эзэмшигчийн байр сууриа хэвээр хадгалж байна.


ОУВС-д оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг гишүүн улс тус бүрийн эдийн засгийн цар хэмжээгээр тогтоовол Хятад улс Японыг гүйцэж түрүүлнэ гэж Японы албаны хүмүүс болгоомжилж байсан юм. ОУВС-ийн гишүүн орнуудын эзэмшиж буй хувьцааны хэмжээ нь тухайн гишүүн улсын саналын эрхтэй холбоотой байдаг.


Японы Сангийн сайд Сүзүки Шүничи хэлэхдээ, ОУВС-гийн хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэхийн зэрэгцээ хувьцааны харьцааг хэвээр хадгалах нь цорын ганц бодит хувилбар гэдгийг онцолжээ. Энэхүү саналыг тус байгууллагын Удирдах зөвлөлийн (Board of Governors) санал хураалтаар 85-аас доошгүй хувь нь дэмжсэн тохиолдолд албан ёсоор батлах бөгөөд ОУВС арванхоёрдугаар  сарын 15-нд квотыг шинэчлэх журмыг батлахаар төлөвлөж байна.


Одоогоор ОУВС-гийн хамгийн том хувьцаа эзэмшигч нь АНУ бөгөөд нийт хувьцааны 17.4 хувь, түүний дараа Япон 6.5 хувь, Хятад 6.4 хувийг тус тус эзэмшиж байна.


ОУВС квотоо голдуу таван жил тутамд шинэчилдэг. Вашингтонд төвтэй тус сангийн санхүүжилтийг нэмэгдүүлэх төлөвлөгөө нь цар тахал болон бусад хүндрэлийн улмаас мөнгөний хомсдолд ороод буй шинээр гарч ирж буй чинээлэг болон хөгжиж буй орнуудад туслах зорилготой юм.


Үүнээс өмнө ОУВС-гийн хөрөнгийг нэмэгдүүлэх асуудлыг АНУ-ын Конгресс батлах гэж олон жил болсны эцэст 2016 онд хэрэгжиж эхэлсэн юм.


Дэлхийн 190 улс орны гишүүнчлэлтэй ОУВС-гийн Гүйцэтгэх зөвлөл 2025 оны зургаадугаар сар гэхэд эдийн засгийн хүчин чадлын өөрчлөлтийг харгалзсаны үндсэн дээр квотын шинэ хувилбарыг боловсруулахаар ажиллаж  эхлэх ёстой.


Хятад болон бусад хурдацтай хөгжиж буй орнуудын зүгээс квотын харьцаа нь гишүүн орнуудын эдийн засгийн цар хүрээг тусгах ёстой гэж шаардаж байгаа юм. 



 

Related news