Хятадад литийн карбонатын үнэ сүүлийн хоёр жилийн доод түвшинд хүртэл буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-11-14 14:14:47

БЭЭЖИН. 2023 оны арваннэгдүгээр сарын 14 /Trading Econmics/. Хятадад литийн карбонатын үнэ нэг тонн нь 150 мянган юаниас (20.6 мянган ам.доллар) доош унасан нь 2021 оны есдүгээр сараас хойших сүүлийн хоёр жил гаруйн хугацаан дахь хамгийн доод үнэ болжээ.


Дэлхий даяар эрэлт буурч байгаа үед их хэмжээний нөөц хуримтлагдсан нь ийнхүү үнэ буурахад нөлөөлсөн байна.


Цахилгаан хөдөлгүүрт автомашины дэлхийн хамгийн том зах зээл болох Хятадын эдийн засгийн байдал нь ийм төрлийн автомашины үйлдвэрлэл таамагласнаас удаан өснө гэх болгоомжлолыг нэмэгдүүлж байна.  


Салбарын талаарх гутранги таамаглал нь батерей үйлдвэрлэгчдийг гуравдугаар улиралд их хэмжээний лити худалдан авахаа зогсооход хүргэж байна. Үйлдвэрлэгчид Хятадын засгийн газраас 2021-2022 онд их хэмжээний татаас олгож байх үед хуримтлагдсан нөөцийг ашигласаар байгаа аж. 


Үүний сацуу Хятадаас импортолж буй цахилгаан хөдөлгүүрт автомашинуудыг үйлдвэрлэхэд татаас олгож буй эсэхийг Европын Комисс шалгаж эхэлсэн тул эрэлттэй холбоотой асуудал үүссэн байна.

Related news