К.Роналду оны 50 дахь гоолоо орууллаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
khulan@montsame.gov.mn
2023-12-12 10:53:19

ЭР-РИЯД, 2023 оны арванхоёрдугаар сарын 12 /Daily Mail/. Португалын шилдэг хөлбөмбөгчин Криштиану Роналду 2023 оны 50 дахь гоолоо орууллаа. Уг тоглолтод “Аль-Наср” клуб өрсөлдөгч “Аль-Шабаб” багийг 5:2 онооны харьцаагаар буулгаж авснаар Саудын Арабын “King Cup” тэмцээний хагас шигшээд шалгарчээ.


“Реал Мадрид”, “Манчестер Юнайтед”-ын довтлогч асан тэрбээр тоглолтын хоёрдугаар хагаст багийнхаа дөрөв дэх гоолыг оруулснаар энэ улиралд оруулсан гоолынх нь тоо 26 болсон бөгөөд түүнээс 16-г нь Саудын Арабын мэргэжлийн лигийн 15 тоглолтод оруулжээ.


Ингэснээр “King Cup”-ын цомыг 1990 оноос хойш өргөөгүй байгаа “Аль-Наср” тэмцээнд түрүүлэх магадлалтай хэвээр байна. Хагас шигшээд Неймарын “Аль-Хиляль” клуб мөн шалгараад байгаа бөгөөд “Аль-Наср” аваргалбал К.Роналдугийн хувьд тус багт хүчин зүтгэж эхэлснээс хойших хоёр дахь цомыг өргөнө.


Гурван хоногийн өмнө К.Роналду мэргэжлийн карьерынхаа 1200 дахь тоглолтоо “Аль-Рияд”-ын эсрэг хийж 4:1 онооны харьцаагаар хожсон юм. Тэрбээр уг тоглолтын үеэр нэг гоол оруулж, нэг удаа оновчтой дамжуулжээ.

Related news