Хятадын юань Японы иенийг ардаа орхижээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2023-12-22 16:05:21

БЕЛЬГИ, 2023 оны арванхоёрдугаар сарын 22 /SWIFT/. Олон улсын төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь өнгөрсөн сард 4.61 хувьд хүрчээ. Ингэснээр Хятадын үндэсний мөнгөн тэмдэгт 2022 оны нэгдүгээр сараас хойш анх удаа дэлхийн чансааны дөрөвдүгээр байрт орлоо гэж SWIFT төлбөр тооцооны систем мэдээллээ.


Олон улсын төлбөр тооцоонд юанийн эзлэх хувь 10 дугаар сард 3.6 хувь байсан юм. Үүний зэрэгцээ иенийн эзлэх хувь 3.91 хувиас 3.41 хувь болж буурснаар Японы үндэсний мөнгөн тэмдэгт тавдугаар байр луу ухарчээ.


Дэлхий даяар ам.долларын хэрэглээ 10 дугаар сард 47.25 хувь байсан бол 11 дүгээр сард 47.08 хувь, евро 23.36 хувиас 22.95 хувь, фунт стерлингийн хэрэглээ 7.33 хувиас 7.15 хувь болж тус тус буурчээ. Эдгээр валют дэлхийн төлбөр тооцоонд эзлэх хувь хэмжээгээрээ эхний гуравт бичигдэж байна.  


Эхний 10-т мөн канад, австрали, хонконг, сингапур доллар, Тайландын бат багтжээ. Эдгээр валют тус бүр олон улсын төлбөр тооцоонд 1-ээс дээш хувийг эзэлж байна.

Related news