“Дэлхийд тархсан монголчуудын өв” 11 боть номын нээлт боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
192@montsame.mn
2023-12-29 14:51:03

Улаанбаатар, 2023 оны арванхоёрдугаар сарын 29 /МОНЦАМЭ/. Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 112 жилийн ойн өдөр “Чингис хаан” Үндэсний музейд “Дэлхийд тархсан монголчуудын өв” 11 боть номын нээлтийн ёслол боллоо.


“Дэлхийд тархсан монголчуудын өв” боть ном нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Засгийн газрын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрт тусгасан “Дэлхий дахин ба Монгол өв” үйл ажиллагааны хүрээнд Соёлын яамнаас дэмжин “Чингис хаан” Үндэсний музей, Олон улсын Монгол судлалын холбоо санаачлан хэрэгжүүлж буй төслийн хүрээнд гаргаж буйг Соёлын сайд Ч.Номин нээлт дээр онцлон хэллээ.


Тэрбээр, дэлхий дахинд хадгалагдаж буй Монголтой холбоотой өв соёлын дурсгалыг бүртгэх, хамтран судалж ном бүтээл болгох зэрэг цогц үйл ажиллагааг хэрэгжүүлж буйг дуулган, улмаар нэгдсэн сан хөмрөг болгох, цахимжуулж олон нийтэд түгээх зэрэг томоохон ажлыг эхлүүлээд байна гэв.

Номын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх мэндчилгээ дэвшүүлснийг Ерөнхийлөгчийн соёл, шашны бодлогын зөвлөх, доктор Д.Бум-Очир хүргэсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч мэндчилгээндээ “Дэлхий дахин ба Монгол өв”-ийн талаар түүний бодлогын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгасан Монголын өвийг эх орондоо нэгдсэн сан хөмрөг болгох ажлыг ажил хэрэг болгож буйд эрдэмтэн, судлаач, номыг бүтээгч нарт талархал илэрхийлсэн юм. 


“Дэлхийд тархсан монголчуудын өв” номыг 20 боть гаргахаас эхний 11 ботийг өнөөдөр танилцуулж, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний ойн өдөр ийнхүү олон нийтэд дэлгээд байна.



Энэхүү бүтээл нь ОХУ-ын Эрмитажийн музейн сан хөмрөг, Унгар, Япон улсын номын сан, музей, Тайванийн хааны ордон музейн архив, Норвегийн Ослогийн их сургуулийн Соёлын түүхийн музей, мөн ОХУ-ын Эрхүүгийн орон нутаг судлах музей, Дани улсын Копенхагений хааны ордон музей зэрэг гадаадын олон газар халгалагдаж буй Монголтой холбоотой эд өлгийн зүйлсийг судалгааны эргэлтэд оруулж, монгол хэлээр нийтлэн бүрэн шинэчилж, эх орондоо анх удаа танилцуулж буй аж.


“Дэлхийд тархсан монголчуудын өв” номын эхний 11 ботид урд өмнө хэвлэгдээгүй 5400 орчим эд өлгийн зүйлс багтжээ. Одоогоор АНУ, Их Британи, БНСУ, Узбекстан, Франц, Чех, Польш зэрэг оронд халгалагдаж буй дурсгалуудыг хэвлэхээр бэлтгэж байгааг “Чингис хаан” Үндэсний музейн захирал, төслийн санаачлагч, удирдагч, академич С.Чулуун мэдээлэв. 

Related news