Их Британийн пянзны борлуулалт 1990 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
odondarjaa@montsame.gov.mn
2023-12-31 12:50:52

ЛОНДОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 31 /ВВС/. Их Британийн пянзны (vinyl LP-том пянз) борлуулалт 1990 оноос хойших хамгийн дээд үзүүлэлтэд хүрчээ.


Британийн дуу бичлэгийн (BPI) худалдааны группийн мэдээлснээр, пянзны борлуулалт 16 дахь жилдээ өссөн бөгөөд 2023 онд 11.7 хувиар өсөж 5.9 сая ширхэг болсон байна.


Тэйлор Свифтийн 1989 (Taylor's Version) нь хамгийн их борлуулалттай пянз байсан бол түүний дараа Rolling Stones хамтлагийн Hackney Diamonds оржээ.


Мөн хуурцагны борлуулалт дөрвөн жил дараалан өсөж, 100 мянгыг давлаа.


Хөгжмийн бичлэгийн тавны дөрвөөс илүү нь стримингээр дамжин цацагддаг бол пянзны хэрэглээ асар хурдацтай нэмэгдэж, шүтэн бишрэгчид пянзыг  цуглуулж болохуйц, илүү сайн дууны чанартай бичлэг гэж үзэж байна.


Бие даасан пянзны дэлгүүрүүд олны дунд нэр хүндтэй болж, HMV мэргэжлийн хөгжмийн сүлжээ дахин сэргэсэн нь үүнд мөн тус дөхөм үзүүлсэн  гэж BPI мэдээлжээ. HMV (His Master Voice) нь түүний жинхэнэ дуу хоолой гэсэн үг бөгөөд дөрвөн жил завсарласны дараа энэ оны арваннэгдүгээр сард Лондонгийн Оксфордын гудамжинд төв дэлгүүрээ дахин нээсэн юм.


Шилдэг борлуулалттай пянзны цомгийн жагсаалтыг шинэ дуунууд давамгайлж, Эд Шииран, Льюис Капалди, Лана Дел Рэй нар эхний аравт багтсан аж.


Түүнээс гадна, хуучны сонгодог цомгууд болон дахин гаргасан  бүтээлүүд  болох Fleetwood Mac-ийн Rumors, Pink Floyd-ийн The Dark Side of Moon (Live At Wembley 1974) зэрэг пянзнууд шилдэг уран бүтээлчдийн тоонд багтжээ.


Тэйлор Свифтийн 1989, Speak Now, Midnights  гэсэн гурван цомог энэ жил Их Британийн хамгийн их борлуулалттай эхний 10 пянзны жагсаалтад ороод байна.

Related news