Улсын олимпиад зохион байгуулах тов гарчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-10 11:32:51

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 10 /МОНЦАМЭ/. 2023-2024 оны хичээлийн жилд Улсын олимпиадыг зохион байгуулах тов гарлаа.


Сурагчид олон улсын олимпиадад оролцох, бэлтгэл хангах хугацааг харгалзан сургуулийн түвшний олимпиадыг сурагчдын нэгдүгээр улирлын амралтаар, аймаг, дүүргийн түвшний олимпиадыг сурагчдын хоёрдугаар улирлын амралтаар, улсын түвшний олимпиадыг сурагчдын гуравдугаар улирлын амралтаар зохион байгуулахаар төлөвлөжээ. Ингэснээр улсын олимпиадаас шалгарсан сурагчид олон улсын олимпиадуудад оролцож, амжилт гаргах боломж нэмэгдэнэ гэж албаныхан үзэж байна.

Улсын олимпиадыг Монгол хэл бичиг-Уран зохиол, Математик, Физик, Нийгмийн ухаан, Түүх, Хими, Биологи, Газарзүй, Техник технологи, Мэдээлэл зүй, Англи хэл, Орос хэл гэсэн төрлүүдээр зохион байгуулах юм.


Олимпиад нь онцгой авьяас, хэл, соёл, жендер, нийгэм, эдийн засаг, байршлын ялгаанаас үүдэлтэй хэрэгцээг хангах зорилгоор суралцагчдын эх хэлээрээ зөв бичих, ярих, унших, сэтгэн бодох, бүтээлч чадварыг хөгжүүлэх, эх орныхоо түүх соёл, уламжлалт зан заншлыг дээдлэн бахархах, хүнлэг, эх оронч, үндэсний ухамсартай иргэн болж төлөвшихөд нь дэмжих, багш, суралцагчдын шинжлэх ухааны мэдлэг, чадварыг дээшлүүлэхэд чиглэнэ.


Улсын олимпиадыг Цахим болон онлайн /платформд суурилсан/, Танхимын, Цахим болон танхим хосолсон, Явцын сорилд тулгуурласан, Ганцаарчилсан, багийн, анги бүлэг гэсэн хэлбэрээр зохион байгуулах юм.


ЕБС-ийн суралцагч олимпиадын нэг болон түүнээс дээш төрөлд оролцох боломжтой. Суралцагч анги дэвшиж орох асуудлыг олимпиадын дэд хороо шийдвэрлэнэ. ЕБС-ийн захирал, сургалтын менежер мэргэжлийн дагуу багш төрөлд оролцох боломжтой аж.

Улсын олимпиадын хуваарийг танилцуулж байна.





Related news