Канад улстай ЕБС-ийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах чиглэлд хамтран ажиллана

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2024-01-11 12:00:11

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сандра Шуфаниг хүлээн авч уулзлаа. 


Уулзалтаар хоёр улсын боловсрол, шинжлэх ухааны салбарын хамтын ажиллагааны ололт амжилт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцов. Талууд “Бүх нийтийн англи хэлний суралцахуйг дэмжих арга хэмжээ”-ний хүрээнд ЕБС-ийн англи хэлний багш нарын мэргэжлийн ур чадварыг сайжруулах, сургагч багш, экспертүүдийг урих, Канад улсад богино болон дунд хугацаанд суралцуулах боломжийн талаар ярилцсан юм. 


Элчин сайд Сандра Шуфани Канадын Засгийн газраас хэрэгжүүлдэг “Technical Assistance Partnership” хөтөлбөрийн хүрээнд дээр дурсан ажлуудыг хэрэгжүүлэх, 200 мянга хүртэлх ам.долларын санхүүжилт олгох боломжтойг мэдэгдэв. 

БШУ-ы сайд Л.Энх-Амгалан “Ерөнхийлөгчийн илгээлт-2100”, Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг, Дэлхийн шилдэг их сургуулийн бакалаврын хөтөлбөрт дэмжлэг үзүүлж хамтран ажиллахыг Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаас хүслээ. Мөн Канад Улстай Matching fund буюу Хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх саналыг тавьж, МСҮТ-ийн үйл ажиллагааг чадавхижуулах чиглэлээр хамтарч ажиллахаар тохирсон юм. 


Уулзалтын төгсгөлд Элчин сайд Сандра Шуфаниг БШУЯ-аас энэ сард зохион байгуулахаар төлөвлөж буй Англофон буюу англи хэлтэй ардчилал тогтсон улсуудын боловсролын салбарын анхдугаар уулзалтад хүрэлцэн ирэхийг урив. 




Related news