“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шилдгүүд тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас уламжлал болгон зохион байгуулдаг “Монголын сайхан бичигтэн-2023“ уралдаанд нийслэлийн 9 дүүрэг, 20 аймаг болон гадаадын дөрвөн улсаас нийт 1650 орчим бүтээл ирүүлснээс шилдгүүдийг шалгаруулж, өнөөдөр шагналыг нь гардууллаа.
Эх орны өнцөг булан бүрд суугаа бага ангийн хүүхдүүдээс авахуулаад настан буурлууд ч идэвхтэй оролцдог уг уралдаанд энэ жил хамгийн отгон оролцогч нь Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2-р ангийн сурагч Э.Алтантүлхүүр, хамгийн ахмад нь нийслэлийн Баянгол дүүргийн иргэн С.Жигмэдсүрэн /101 настай/, нийслэлийн Хан-Уул дүүргийн С.Цэнд-Аюуш /79 нас/ нар байв. Оролцогчид шил, эсгий, арьс, хулсан дээр уран хатгамал, уран сийлбэр зэрэг олон төрөл, хэлбэрээр бүтээлээ туурвиж ирүүлсэн нь содон байлаа.
Шагнал гардуулах ёслолыг нээж МОНЦАМЭ
агентлагийн дарга Э.Содонтогос үг хэлэхдээ, “Бид энэхүү 27 дахь уралдаанаа анх
удаа олон улсад зарлаж, “Монголын сайхан бичигтэн” олон улсын уралдаан болгон хүрээг нь тэллээ.
Энэ жил “Бүтээлийн
ангилал”-д оролцогчид шил, яс, торго, арьс, хулсан бүтээл өрсөлдүүлснээс хатгамлууд
нь өмнө жилийнхээс илүү гоёмсог, чамин сайхан ур хийцтэй байлаа. Тэдний
дундаас, Завхан аймгийн Улиастай сумын “Чандмань-Эрдэнэ” сургуулийн 7-р ангийн
сурагч З.Монголжингоо “Очирваань”, “Этүгэн” хэмээх хос бүтээлээрээ тэргүүллээ. Тэрбээр
Завхан нутгийн шүтээн их хайрхны нэрийг бийрээр бичиж, хамгийн нарийн,
мэргэжлийн торгон утсаар зүү ороон, хоёр сарын хугацаанд урласнаа бидэнд бичсэн
байв.
Монгол соёлын гайхамшигт
өв, уран хатгамал, уран сийлбэр, бичиг номын уламжлалт олон арга хэлбэр, төрөл
зүйлийг Монголын өсвөр залуу үеийнхэн жигд хөгжүүлж байгааг манай уралдааны шилдэг
бүтээлүүдээс та бүхэн харах биз ээ.
Босоо монгол бичгээ сурч эзэмших, сургах үйлс өрнүүн байгаагийн нэгэн жишээг онцлон дурдахыг хүсэж байна. Энэ бол энэ жилийн уралдаанд анх удаа хорих 407-р ангийн 15 хүмүүжигч оролцсон явдал болов. Тэд уран зураг, эсгий урлал, зүү ороох, зоосон ширээний сүлжмэлээр эмжин чимэглэсэн бүтээлүүдийг илгээснээс, гурав нь шагналт байр эзэлсэн юм. Мөн тусгай сургалттай 29-р бүрэн дунд сургуулийн монгол бичгийн дугуйлангийн сурагчид амжилттай оролцлоо” гэв.
Уралдааны шилдгүүдийн шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар гардуулдаг уламжлалтай. Энэ жилийн хувьд, уралдааны шагнал гардуулах ёслол, шилдэг бүтээлийн үзэсгэлэнг нээх ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, уралдааны найман ангилалд тэргүүн байр эзэлсэн оролцогчдын шагналыг гардуулж, баяр хүргэлээ.
Тэрбээр хэлэхдээ, “Үүсэл хөгжлийн 1000 гаруй жилийн түүхтэй монгол бичиг бол монгол үндэстний оюуны соёлын нандин өв, хүн төрөлхтний бичиг соёлын санд нүүдэлчин монголчуудын оруулсан үнэт хувь нэмэр юм. Эзэн Чингис хаан монгол бичгийг Их Монгол Улсын төрийн бичиг болгосноос хойш манай улсын түүх, дэлхийн улс орнуудтай харилцан дипломат харилцаа, тив дэлхийн түүхэн олон эх сурвалжийг монгол бичгээр тэмдэглэн үлдээсэн байдаг юм. Өнө эртний уламжлалтай монгол бичгээ хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулахад чухал хувь нэмэр оруулж “Монголын сайхан бичигтэн” уралдааныг 27 дахь жилдээ зохион байгуулж олон улсын уралдаан болгон өргөжүүлэн хөгжүүлж байгаа Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлаг, “Хүмүүн бичиг” сонины хамт олонд гүн талархал илэрхийлье.
Энэ жилийн уралдаанд
гадаадын иргэд, монгол эрдэмтэд шинээр оролцсон бөгөөд нийт оролцогчдын хамгийн
залуу нь долоон настай хоёрдугаар ангийн сурагч, хамгийн ахмад нь 101 настай азай
буурал байсныг дахин онцлон тэмдэглэхийг хүсэж байна.
Монгол бичиг соёлоо судлан сурталчилж, хадгалан хамгаалж, өвлүүлэн уламжлуулж, түгээн дэлгэрүүлэхэд хүчин зүтгэж байгаа та бүхэндээ гүн талархал илэрхийлье. Өнгөрсөн жил манай улсад айлчилсан Гэгээн Ширээт Улсын төрийн тэргүүн Пап Францис “Босоо монгол бичиг шигээ босоо заяатай ард түмэн” гэж манай ард түмнийг үнэлсэн. Монгол хүмүүний оюун санааны дархлаа, монгол бичиг соёл даян дэлхийд түгэн дэлгэрэхийн өлзийтэй сайхан ерөөлийг өргөн дэвшүүлье. Мөнх тэнгэрийн хүчин дор монгол бичиг, соёл түгэн дэлгэрэх болтугай” хэмээлээ.
Энэ жилийн уралдааны онцлог нь анх удаан олон улсын хэмжээнд зохион байгуулсан бөгөөд гадаад улсын иргэдийн ангилалд Япон Улсын иргэн Имазеки Тошико “Чингис хааны Энх тайвны бодлого” эсээгээрээ тэргүүн байр эзэлсэн явдал байв.
Мөн энэ жил “12-р ангийн сурагчид”-ын ангилалд эхний гурван байрт шалгарсан 6 сурагчийг “Боловсролын зээлийн сан”-гийн буцалтгүй тэтгэлгээр МУИС, МУБИС-д дөрвөн жил суралцах эрхээр шагналаа. Уралдааныг зохион байгуулж ирсэн 27 жилийн түүхэнд нийт 90 гаруй сурагч дээрх хоёр их сургуульд улсын зардлаар үнэ төлбөргүй суралцан төгсжээ.
Уралдааныг БШУЯ, Соёлын яам дэмжиж, хамтран ажилласан юм.
Уралдааны нийт дүнг танилцуулъя:
“1-7-р ангийн сурагчид” ангилалд:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 7 “в” ангийн сурагч О.Мандахнаран,
2. Хөвсгөл аймгийн "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн 7“б” ангийн сурагч Э.Пүрэвжаргал,
3. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын ерөнхий боловсролын сургуулийн 7“а” ангийн сурагч У.Мөнгөншатар,
Тусгай байрт:
-Булган аймгийн Хутаг-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн 7“б” ангийн сурагч Э.Энхцэцэг,
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Дэлгэрмөрөн” цогцолбор сургуулийн 6“в” ангийн сурагч Б.Ууганчимэг,
“8-11-р ангийн сурагчид” ангилалд:
1. Дундговь аймгийн лаборатори “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн 10“б” ангийн сурагч Н.Анхмаа,
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” сургуулийн 9“г” ангийн сурагч Д.Цолмон,
3. Баянхонгор аймгийн Баянцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн 11“а” ангийн сурагч Н.Алдармаа,
Тусгай байрт:
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын "Дэлгэрмөрөн" цогцолбор сургуулийн 9“б” ангийн сурагч О.Энхсугар,
- Дархан-Уул аймгийн 16-р сургуулийн 10“в” ангийн сурагч Б.Намуунзаяа нар тус тус шалгарсан байна.
“12-р ангийн сурагчид” ангилалд:
-Завхан аймгийн Их-Уул сумын ерөнхий боловсролын сургуулийн 12“г” ангийн сурагч Т.Хонгорзул,
-Увс аймгийн Улаангом сумын лаборатори нэгдүгээр сургуулийн 12“б” ангийн сурагч Ш.Сүнжээ.
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Титэм” ерөнхий боловсролын сургуулийн 12“а” ангийн сурагч Т.Цэрэнням нар эхний гурван байрт шалгарч, МУИС-д Боловсролын зээлийн сангийн 100 хувь тэтгэлгээр суралцах эрхээр шагнууллаа.
Харин
- Дундговь аймгийн Сайнцагаан сумын “Цэгц билэг” ерөнхий боловсролын сургуулийн 12“а” ангийн сурагч Э.Цэвэлсодном,
- Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” ерөнхий боловсролын сургуулийн 12“б” ангийн сурагч И.Уранцэцэг,
-Увс аймгийн Улаангом сумын лаборатори 1-р сургуулийн 12“д” ангийн сурагч Б.Номуунзаяа нар Боловсролын зээлийн сангийн тэтгэлгээр МУБИС-д дөрвөн жил үнэ төлбөргүй суралцах эрхээр шагнуулав.
“Мэргэжлийн багш” ангилалд:
1. Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Оюуны чимэг” сургалтын төвийн монгол хэл, бичгийн багш Х.Амаржаргал,
2. Нийслэлийн Хан-Уул дүүргийн “Гурван тамир” сургуулийн монгол хэл, бичгийн багш Э.Батжаргал,
3. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Уранбилиг,
Тусгай байрт:
-Орхон аймгийн Баян-Өндөр сумын ерөнхий боловсролын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Б.Бямбадулам,
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Бага тэнгэр” олон улсын сургуулийн монгол хэл, бичиг, уран зохиолын багш Ц.Норпил,
“Насанд хүрэгчид” ангилалд:
1. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан Д.Нямдэлгэр,
2. МУБИС-ийн МХББ-ийн 1 дүгээр ангийн оюутан Б.Билгүүнсаран,
3. МУБИС-ийн МХББ-ийн 3 дугаар ангийн оюутан О.Ганжигүүр,
Тусгай байрт:
-МУИС-ийн Монгол хэл, хэл шинжлэлийн 2-р ангийн оюутан Б.Хүслэн-Эрдэнэ,
-“Е-Монголиа” цахим үйлчилгээний нэгдсэн порталын олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Баянжавзан
“Уран бичлэг” ангилалд:
1. “Оюут” урлангийн үүсгэн байгуулагч Р.Эрдэнэболор,
2. МУБИС-ийн Монгол хэл, уран зохиолын багшийн 3-р ангийн оюутан Ц.Даваадулам,
3. Нийслэлийн Баянзүрх дүүргийн 44-р сургуулийн 11“ё” ангийн сурагч Ү.Намуунзаяа,
Тусгай байрт:
-Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн МХУЗБ Т.Хишигдэлгэр,
-БНХАУ-ын Хөх нуур мужийн иргэн У.Самтан,
“Сайхан бичигтэн анги” ангилалд:
1. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын “Сод-Эрдэм” сургуулийн Б.Долгор багшийн бэлтгэсэн 8“а” ангийн хамт олон,
2. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эх хэлний түшиц, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай ЕБ-ын “Титэм” сургуулийн МХУЗБ Г.Энхсайхан багшийн бэлтгэсэн 10 “а” ангийн хамт олон,
3. Хөвсгөл аймгийн Тариалан сумын С.Болормаа багшийн бэлтгэсэн 11“а” ангийн хамт олон,
“Бичвэрийн бус бүтээл” ангилалд:
1. Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань эрдэнэ" сургуулийн 7“б” ангийн сурагч З.Монголжингоо,
2. Хорих 407-р ангийн хүмүүжигч Ч.Б,
3. Өвөрхангай аймгийн политехникийн коллежийн оёдлын багш Т.Самбуужовдоо,
Тусгай байрт:
-Завхан аймгийн Тосонцэнгэл сумын 2-р сургуулийн 12"г" ангийн сурагч Э.Мөнхжин,
-Завхан аймгийн Улиастай сумын "Чандмань эрдэнэ" сургуулийн монгол хэл, бичгийн багш Б.Бямбасүрэн багштай 7"б" ангийн хамт олон,
“Монгол туургатны болон бусад гадаад улсын иргэд” ангилалд:
1. Япон Улсын иргэн Имазеки Тошико,
2. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Баяннуур хотын иргэн А.Мэргэнбат,
3. БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Бугат хотын уран бичээч Хичээлт,
Тусгай байрт:
-БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах орны Хөх хотын уран бичээч Сайханчимэг,
-Япон Улсын иргэн Шимамура Шо нар шалгарсан байна.
Мөн
Монгол хэл шинжлэлийн гарамгай онолч, их эрдэмтэн “Шадавын Лувсанвандан сан”-гийн нэрэмжит шагналаар:
-Нийслэлийн Баянзүрх дүүргийн “Ирмүүн хүсэл” монгол бичгийн сургалтын төвийн багш Д.Нямдорж,
“Монгол хэл, бичгийн багш, судлаачдын үндэсний холбоо” ТББ-ын нэрэмжит шагналаар:
-Дархан-Уул аймгийн Дархан сумын ерөнхий боловсролын 9-р сургуулийн багш Б.Төмөрхуяг,
Ахмад дипломатч Г.Луузаны нэрэмжит шагналаар:
-Тусгай сургалттай 29-р бүрэн дунд сургуулийн Р.Эрдэнэболор багштай бийрийн бичлэгийн дугуйлангийн хамт олон,
Ахмад дипломатч Ч.Намчины нэрэмжит шагналаар:
-Хорих 407-р ангийн хүмүүжигч О.Д,
Жүжигчин, МУСТА Р.Анхнямын нэрэмжит шагналаар:
-Сэлэнгэ аймгийн Сайхан сумын 1-р сургуулийн монгол хэл, бичгийн багш А.Баянжаргалын бэлтгэсэн 8“в” анги тус тус шагнууллаа.
“Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдаанд ирүүлсэн бүтээлүүдийг Уран зургийн галерейд энэ сарын 16-ныг хүртэл олон нийтэд толилуулах юм.