Сурагч өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтрүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Сурагчид PISA олон улсын үнэлгээ, БҮТ-өөс зохион байгуулдаг үндэсний үнэлгээнд хамрагддаг бол нэмээд өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтэрч байна. Өөрөөр хэлбэл эцэг эх хүүхдийнхээ сурлагын бодит түвшинг, хүүхэд өөрийнхөө амжилтыг өөрөө үнэлэх боломжтой болж байгаа юм.
Энэ тухай Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэхдээ, “Боловсролын багц хууль 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн. Хуулиар зургаан том шинэчлэлийн бодлогыг зарлаад буй. Шинэчлэлийн гол хэсэг нь үндэсний үнэлгээний тогтолцоог бэхжүүлэх шингэчлэлийг зарласан. Үнэлгээ нь боловсролын чанарыг хэмждэг хэмжүүрийн нэг. Өнгөрсөн 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улс анх удаа олон улсын боловсролын чанарын үнэлгээнд хамрагдаж, нийт 81 орноос 48-т үнэлэгдсэн. Уг үнэлгээгээр 15 настай 7200 орчим хүүхэд хамрагдаж, математик, эх хэл, байгалийн ухаан, сэтгэн бодох чадвараа үнэлүүлсэн. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд Боловсролын үнэлгээний төвөөс сургууль, багш, сурагчийн гүйцэтгэлийг үнэлж эхэлсэн.
Мөн багшийн дүнгийн үнэлгээний асуудал байгаа. Багшийн тавьж байгаа дүн, сурагчийн бодит гүйцэтгэлийн ялгаа гардаг. Сургуулийн үнэлгээг хөндлөнгийн үнэлгээтэй харьцуулахад 20-70 хувийн зөрүү гардаг. Жишээлбэл, математикийн хичээл дээр сурагч Доржийг 95 хувийн гүйцэтгэлтэй үнэлсэн байхад БҮТ-өөс үнэлэхэд 35-40 хувьтай байх жишээтэй. Тиймээс үндэсний үнэлгээний чанарын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд БҮТ-өөс боловсруулсан эцэг эх, асран хамгаалагч, сурагчид өөрсдөө мэдлэг ур чадварын түвшингээ үнэлэх үндэсний системийг хөгжүүлж, албан ёсоор танилцуулж байна. Бид энэхүү системээ өнгөрсөн долоо хоногт нээсэн.
Нийт 75 мянган сурагч, эцэг эхтэйгээ хамтран өөрсдийнхөө түвшинг тогтоосон байна. Бид яагаад ийм ажлыг хийж байна вэ гэхээр, PISA үнэлгээгээр маш том хоцрогдол ажиглагдсан. Математик, байгалийн шнжлэх ухааны хичээлээр олон улсын дунджаас 3-3.5 жилээр, Азийн дунджаас 2-2.5 жилээр хоцрогдолтой гэдэг үр дүн зарлагдсан. Харамсалтай нь улс дотроо хот, нийслэл, сумд сурч байгаа хүүхдүүдийн хоцрогдол гарсан. Хотод сурч байгаа хүүхдээс аймгийн төвд сурч буй хүүхэд 1.5 жилийн хоцрогдолтой байх жишээтэй. Энэ хоцрогдлыг арилгахын тулд 2021 оны есдүгээр сараас эргэн холбох, нөхөх, тогтворжуулах гэсэн үндэсний хөтөлбөийг зарлаж, тодорхой үр дүн гарч байна. Өнгөрсөн 2023 онд хичээлийн хоцрогдлыг нөхөх хөтөлбөр хэрэгжүүлснээр улсын хэмжээнд ахиц гарч эхэлсэн" гэв.
ЕБС-ийн I-XII ангийн суралцагчдад зориулсан цахим сорилын систем soril.eec.mn-д өөрийгөө сорихыг хүссэн суралцагч бүр регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулан, Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой.
2024 оны дөрөвдүгээр сарын 1-нд байгалийн ухаан, нийгмийн ухаан, гадаад хэл, мэдээллийн технологи гэх мэт бүх хичээлээр үнэлгээ хийх боломжтой болно. Үндэсний цахим сургууль medle.mn платформд байрлах санал болгосон хичээлээр хоцрогдлыг нөхөх боломжтой аж. Өнгөрсөн хоёр жилд medle.mn платформд 1-12 дугаар ангийн бүх хичээл байгаа тул хоцрогдлоо нөхөх боломжтой систем юм. Удахгүй 1-5 дугаар ангийн бүх сурах бичгийг интерактив хэлбэрээр байршуулахаар төлөвлөжээ.