Төрийн албан хаагч нарт зориулан үндэсний бичгийн гарын авлага гаргажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-01-15 15:29:27

Улаанбаатар, 2024 оны нэгдүгээр сарын 15 /МОНЦАМЭ/. Манай улс ирэх 2025 оноос хос бичигтэн улс болно. Энэ талын бэлтгэл ажлаа хангахад нэг жил үлдээд байна. Өнгөрсөн хугацаанд хийсэн болон энэ жилийн хийх бэлтгэл ажлын талаар өнөөдөр Соёлын төв өргөөнд болсон “Монгол хэл, бичгийн асуудал, шийдэл” үндэсний чуулганаар хэлэлцлээ.


Төрийн албан хэргийг кирилл болон монгол хэл бичгээр хөтлөн явуулах талын эрх зүйг дурдвал энд:

  • УИХ-аас 2025 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн төрийн албан хэргийг хос бичгээр хөтлөн явуулах тухай Монгол хэлний тухай хуулийг 2015 оны хоёрдугаар сарын 12-нд батлан гаргасан,  
  • Мөн энэ талын буюу бэлтгэл ажлыг хангах талаар Монгол Улсын Ерөнхий сайд 2020 оны 144 дүгээр захирамж гаргасан,
  • Хуулийн хүрээнд Үндэсний бичгийн хөтөлбөрийг хэрэгжүүлж буйг дурдаж болно.
1990 онд ЕБС-ийн нэгдүгээр ангидаа анх орохдоо монгол хэл бичиг сурч байсан хүмүүс өнөөдөр төрийн албан хаагч нарын 33 хувийг эзэлж буй судалгаа гарчээ. 



Тэгвэл өнгөрсөн хугацаанд доорх ажлуудыг хийгээд буйг Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн ажлын албаны дарга, доктор Н.Нарангэрэлийн танилцуулснаар хүргэвэл:

  • Хос бичигт шилжих ажлын хэсгийг БШУ-ы сайд ахлан 20 гаруй байгууллагын төлөөлөл хамтран ажиллаж байна.
  • Хос бичгээр албан бичиг хөтлөх хэвлэмэл хуудас, бланкийг гарган туршиж байна.
  • ЦХХХЯ хиймэл оюун ухаан, цахим хэл шинжлэлийг хариуцаж, нэг тэрбум үгийн багтаамжтай, кириллээс монгол бичиг рүү, монгол хэлнээс кирилл рүү хөрвүүлдэг программын дата санг бүрдүүлээд байна. Программ бэлэн болсноор архив, бичиг хэргийн ажилтнууд албан бланк дээр тухайн явуулж буй бичгийг хэвлэж гаргах юм.
  • Үндэсний бичиг хөтөлбөрөөр хэрэгжүүлэх ёстой стандартуудыг бэлэн болгожээ. Одоо технологийн шийдэл хүлээгдэж буй аж.
  • Төрийн 200 мянган албан хаагчийг монгол бичигт сургах үйл ажиллагааг 21 аймгийн Засаг дарга нар, Хэлний бодлогын зөвлөлийн дарга нар, Архивын ерөнхий газар, Насан туршийн боловсролын төв Удирдлагын академитэй хамтран цогц байдлаар зохион байгуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар төрийн 100 мянган орчим хаагчийг сургаад байна.
  • Үндэсний бичиг хөтөлбөрийн III-д тусгасан 69 үйл ажиллагаанаас 50 ажлыг бэлэн болгож, 10 гаруй нь хэрэгжиж байна гэв.
Кириллээс монгол бичиг рүү хөрвүүлдэг программын дата санг бүрдүүлжээ.



Чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, БШУЯ, Соёлын яам, ЦХХХ-ны сайд нар, төлөөлөл, аймаг, хот, орон нутгийн мэргэжилтнүүд оролцлоо. Төрийн албан хаагч нарт зориулан үндэсний бичгийн хөтөлбөрийн дагуу анхан, дунд, багшийн гарын авлагыг Хэлний бодлогын үндэсний зөвлөл, ШУА-ийн Хэл, зохиолын хүрээлэнгээс хамтран гаргаж, өнөөдрийн чуулганы үеэр нээлтээ хийв.

1990 онд ЕБС-ийн нэгдүгээр ангидаа анх орохдоо монгол хэл бичиг сурч байсан хүмүүс өнөөдөр төрийн албан хаагч нарын 33 хувийг эзэлж буй судалгаа гарчээ. 

Related news