БАЯНХОНГОР: Бүсчилсэн хөгжлийг дэмжих хэлэлцүүлэг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-01-18 12:38:08

Баянхонгор, 2024 оны нэгдүгээр сарын 18 /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 481 дүгээр тогтоолоор 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил" болгон зарласан.


Энэ хүрээнд "Алсын хараа-2050" Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, "Шинэ сэргэлтийн бодлого"-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн зорилтыг хэрэгжүүлэх, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг хангах, Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалыг шинэчлэн боловсруулах, бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын төслийн хэлэлцүүлгийг хөгжлийн бүс тус бүрээр болон нэгдсэн байдлаар 2024 оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулж байна.


Бүсчилсэн хэлэлцүүлгийг Баянхонгор, Өвөрхангай, Архангай аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга, Төрийн захиргааны бусад албан хаагчдыг хамруулан анхны хэлэлцүүлгээ Арвайхээр хотод зохион байгууллаа. Мөн үеэр, цаашид хамтарч хөгжих боломжийн талаар ярилцаж Архангай - Баянхонгор аймгийг хатуу хучилттай авто замаар холбох, аялал жуулчлал, дэд бүтцийн чиглэлээр тодорхой үр ашигтай хамтран ажиллах, Баянхонгор аймагт үйл ажиллагаа явуулж байгаа ХААИС-ийн салбар сургуулийг өргөтгөн бүсийн болон хөрш зэргэлдээх аймгуудын хөдөө, аж ахуйн салбарын мэргэжилтэнг бэлтгэж, ажлын байраар хангах зэрэг бүсчилсэн урт хугацааны төлөвлөлтийг хийх зэрэг санал гарсан байна.


Хэлэлцүүлгээс гарсан саналыг энэ сарын сүүлээр зохион байгуулах эдийн засгийн форум, бүсийн зөвлөгөөний үеэр танилцуулан дахин хэлэлцэх аж.

Related news