Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээний шөвгийн наймд шалгарлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
Jargal.d@montsame.mn
2024-01-21 13:25:52

СИДНЕЙ, 2024 оны нэгдүгээр сарын 21 /BBC/. Дэлхийн чансааг тэргүүлэгч Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээний дөрөвдүгээр тойргийн тоглолтод Францын теннисчин Адриан Маннариног хожлоо. 


Мельбурн хотноо болсон тоглолтод Н.Жокович Францын теннисчнийг 6:0, 6:0, 6:3-аар буулган авсан байна. Шөвгийн наймд тэрбээр дэлхийн чансаанд 7 дугаарт эрэмблэгдэж буй Грекийн теннисчин Стефанос Циципас, Америкийн Тейлор Фриц (12) хоёрын хожсонтой нь тоглоно. Өнгөрсөн онд Жокович уг тэмцээний финалд Циципасыг хожиж байсан юм.


Сербийн теннисчин 54 дэх удаагаа "Их дуулга"-ын тэмцээний шөвгийн наймд шалгарч, энэ үзүүлэлтээр тэргүүлэгч Швейцарын теннисчин Рожер Федерертэй зэрэгцлээ. 


Өдгөө 36 настай Н.Жокович дэлхийд чансаагаараа нэгдүгээрт бичигддэг бөгөөд “Их дуулга”-д 24 удаа түрүүлснээр эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд дээд амжилт тогтоогоод байгаа юм. Тэрбээр 2008 оны Бээжингийн Олимпын хүрэл медальт, Дэвисийн цомын тэмцээний аварга (2010) юм.


Related news