Европт байгалийн хийн үнэ буурчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Jargal.d@montsame.mn
2024-01-22 17:12:52

БРЮССЕЛЬ, 2024 оны нэгдүгээр сарын 22 /Bloomberg/. Өнгөрсөн онд Европт хийн үнэ 2022 оны оргил үеийнхээс 60 орчим хувиар буурчээ.  


Энэ онд дахин 12 хувиар буурах төлөвтэй байгаа ба ийнхүү буурахад нөлөөлж буй гол шалтгаан нь байгалийн хийг их хэмжээгээр нөөцөлсөн, мөн сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрүүдийг ашигласан, түүнчлэн харьцангуй дулаан өвөл болж байгаатай холбоотой гэж Bloomberg агентлаг мэдээлэв.


Улаан тэнгист нөхцөл байдал улам хүндэрч, олон хөлөг онгоц аюултай замыг тойрч гарахын тулд чиглэлээ өөрчилж байгаа  хэдий ч хийн үнэ буурсаар байгааг тус агентлаг тэмдэглэжээ.


Гэхдээ Улаан тэнгисийн байдал, мөн цаг агаарын эрс тэс үзэгдлийн улмаас хийн үнэ өсөх эрсдэлтэйг Bloomberg анхааруулж байна. Мөн 2019 оны сүүлчээр Орос, Украины хооронд байгуулсан транзит гэрээний хугацаа дуусгавар болж байгаа нь хийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц бас нэг хүчин зүйл гэж тус агентлаг үзэж байна.


Гэрээнд зааснаар “Газпром” эхний жилд 65 тэрбум шоо метр, дараагийн дөрвөн жилд 40 тэрбум шоо метр хий шахах баталгаа гаргажээ. Гэрээний хугацаа 2024 оны сүүлчээр дуусна. Украины тал хэлэлцээрийг сунгах сонирхолгүй байна гэж "Нафтогаз"-ын тэргүүн Алексей Чернышов өнгөрсөн оны 10 дугаар сарын сүүлчээр мэдэгджээ.


Ням гаргийн арилжааны явцад Европт хийн үнэ 2023 оны 7 дугаар сарын 31-нээс хойш анх удаа мянган шоо метр нь 300 ам.доллараас доошиллоо. Нидерландын TTF бирж дээр хоёрдугаар сард нийлүүлэх хийн фьючерс үнэ мянган шоо метр нь 299.7 ам.доллар болж буурчээ.  

Related news