Соёл иргэншлийн хөгжилд Германы сонгодог философичдын оруулсан хувь нэмэр

ТОЙМ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-01-30 11:45:50

УЛААНБААТАР, 2024 оны нэгдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. 1789 оны Францын хувьсгалын уриа лоозон, үзэл санаанд тулгуурлан үүссэн Соён гэгээрлийн үеийн философийн цаашдын хөгжилд 18-19 дугаар зуунд амьдарч байсан Германы зохиолч, сэтгэгч, сонгодог философичид үнэтэй хувь нэмэр оруулсан байна. Хүрээлэн буй ертөнц ба хүмүүсийн хоорондын харилцан хамаарлын тухай тэдний бүтээлүүд нь философийн сэтгэлгээний цоо шинэ эрин үеийг нээсэн юм.


Энэ үеийн Германы сонгодог философийн гол төлөөлөгчид бол Иммануил Кант, Иоганн Фихте, Фридрих Шеллинг, Фридрих Гегель, Людвиг Фейербах, Фридрих Ницше, Артур Шопенхауэр нар билээ.   


XVIII зууны хоёрдугаар хагас, XIX зууны эхэн үед баруун Европт нийгэм, эдийн засгийн огцом өөрчлөлтүүд гарсан нь капиталын эзэд эдийн засгийн хувьд ноёрхогчид болсонтой холбоотой. Феодалын нийгмийн байгуулал устаж, капитализм хөгжих нөхцөл бүрэлдсэн энэ үед аж үйлдвэрийн хөгжил эрчимжиж, хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэн, нийгмийн хөгжил асар хурдацтайгаар явагдах болсныг дагаад шинжлэх ухааны нээлтүүд олноор гарч, оюун сэтгэлгээний хөгжил өндөр түвшинд хүрлээ.


Германы философи нь оюун ухааныг шүтэх, хүний эрх, эрх чөлөө зэрэг шинэ үеийн философийн үзэл баримтлалыг нээн гаргаж ирсэн бөгөөд гол ололт нь диалектик аргыг боловсруулсанд оршино.


Сонгодог философийг үндэслэгч Иммануил Кант  /1724-1804/

18 дугаар зууны хоёр дахь хагас ба 19 дүгээр зууны эхний хагас хүртэлх хугацаанд Германы сонгодог философийн урсгал эрчимтэй хөгжиж байсан бөгөөд уг урсгалыг үндэслэгч нь Иммануил Кант юм. Түүний сургаал бүтээлүүдийг Шүүмжлэлээс өмнөх үеийн ба Шүүмжлэлийн үеийн гэж хуваадаг.


Тэрбээр Соён гэгээрэл ба романтизмын завсрын үед буюу Европ тив феодалын бурангуй ёсноос дөнгөж ангижирч байсан түүхэн үед амьдарч байлаа.


20 гаруйхан настай И.Кант “Түгээмэл жам ёсны түүх ба тэнгэрийн онол” (1755) гэдэг ном бичиж, аварга том мананцраас үүссэн Нарны аймгийн үүслийн тухай таамаглал дэвшүүлсэн нь өдгөө ч гэсэн гайхширал төрүүлдэг. Мөн И.Кант амьтны ертөнцийн гарал үүслийн ангилал буюу янз бүрийн амьтдыг боломжит гарал үүслээр нь ангилж үзэх оролдлого хийж байсан нь Ч.Дарвины хувьслын онолд тун ойртсон хэрэг байлаа.

Тэрбээр цэвэр гүн ухааны талбарт дагнан ажиллахдаа өөрийн зорилгыг ингэж тодорхойлсон байдаг:

1. Би юу мэдэж чадах вэ ? (метафизик);

2. Би юу хийх ёстой вэ ? (ёс суртахуун);

3. Би юунд найдахыг зориглох вэ ? (шашин);


Эндээс дараагийн дөрөв дэх зорилт урган гарсан нь “Хүн гэж юу вэ” гэсэн асуулт юм. И.Кант энэ дөрвөн асуултад хариулахын тулд бүхий л амьдралаа зориулжээ. Тэрбээр насан туршийн бодол сэтгэлгээгээ хэдхэн жилийн дотор

1. Цэвэр оюун ухааны шүүмжлэл (1781) – гносеологи

2. Практик оюун ухааны шүүмжлэл (1788) – ёс зүй

3. Эргэцүүлэх чадварын шүүмжлэл (1790) – гоо зүй гэсэн гурван номондоо сийрүүлэн толилуулснаар 18 дугаар зууны агуу их сэтгэгч, дэлхийн философи сэтгэлгээний ноён оргилуудын нэг нь болжээ.


Шүүмжлэлээс өмнөх үед бичсэн “Жам ёсны нийтлэг түүх ба тэнгэрийн онол” гэдэг бүтээлдээ тэрбээр “Орчлон ертөнц нь сансрын хийгээс бүрдэх динамик хүчний үйлчлэлээр жам ёсоор бий болсон” гэх санааг дэвшүүлсэн байдаг. Ертөнцийн ерөнхий бүтэц ба түүний доторх тэнгэрийн биетүүдийн хооронд физикийн хуулиуд үйлчилснээр нэг системийг бий болгосон гэж тэрбээр үзжээ. Ийм таамаглалын үндсэн дээр Нарны аймагт нээгдээгүй өөр гаргууд бий гэдгийг шинжлэх ухааны үүднээс тайлбарлаж байв. Механицизм буюу дэлхий ертөнцийг механизм гэж үздэг танин мэдэхүйн арга дэлгэрч байх тэр үед И.Кант хувьсан хөгжиж байдаг динамик ертөнцийн төрх байдлыг тодорхойлох гэж оролдож байсан анхны философичдын нэг юм. 


Шашныг шүүмжлэгч Людвиг Фейербах /1804-1872/

Ертөнцийг үзэх үзлийн үүднээс өөр хооронд нь хоршуулах боломжгүй шашны ба философийн сургаалуудын  зөрчилтэй байдалд үндэслэн Фейербах өөрийн гэсэн онолыг гаргаж ирсэн байдаг. Тэрбээр оюун санааны материаллаг хэлбэрийг тайлбарлахыг оролдож, христийн шашныг шүүмжилж байжээ.


Бурхан бол өөрөө бурханлаг биет бус харин хүний ухамсарт бий болсон дүрслэл төдий зүйл мөн. Хүн төрөлхтний байгалийн үзэгдлүүдээс айх айдас нь аливаа шашны үндэс суурь болдог бөгөөд үүнээс улбаалан хүмүүсийн ухамсарт хүчирхэг дүр төрхүүд бий болдог нь хүний мөн чанарыг илэрхийлж байдаг хэмээн Фейербах өөрийн бүтээлдээ онцлон тэмдэглэсэн байдаг.


Ийм учраас бурхан гэдэг бол хүний оюун санааны бүтээл бөгөөд хүний хүсэл зориг, хувь заяаг захирдаг болсон. Ингэснээр бодит ертөнцөд илүү сайн сайхан амьдралд тэмүүлэх, ертөнцийг өөрчлөх гэсэн хүмүүсийн эрмэлзлийг үгүй хийж, байгалийн хуульд үл захирагдах ид шидтэний залхаалт шийтгэлийг дуулгавартай номхноор хүлээн авахад хүргэдэг.

Философи, шашин хоёр бол эсрэг тэсрэг зүйл бөгөөд философийн үндэс бол эрдэм мэдлэг, юмсын жинхэнэ уг чанарыг танин мэдэх эрмэлзлэл юм.


Гегелийн идеализмыг сөргүүлэн тэрбээр өгүүлэхдээ, “дан сэтгэлгээ, оюун ухаан ноёрхож буй нөхцөлд үнэнийг олж авах боломжгүй, оюун санаа бол ертөнц, матери, амьдралыг бүтээх чадваргүй, гагцхүү бодит ертөнцөд байгальд хандаж байж жинхэнэ мэдлэгийг олж авч чадна” гэж байв. Л.Фейербах байгаль, материаллаг ертөнц бол хүний ухамсар сэтгэхүйгээс огт хамаарахгүйгээр оршдог. Хүн болоод түүний ухамсар нь байгалийн бүтээгдэхүүн мөн. Хүний бие, сэтгэл хоёр нэгдмэл, гэхдээ сэтгэл нь биеэсээ хамаарч байдаг гэсэн онтологи үзлийг сурталчилжээ.

 

Кантын үзэл санааг үргэлжлүүлэгч Иоганн Фихте /1762-1814/

Хүний хүлээх үүргийг хэрхэн тодорхойлсноос хамааран хүний боломжийг үнэлдэг Кантын үзэл санаа, сэтгэлгээний философийг цааш хөгжүүлсэн хүн бол Иоган Фихте юм. Түүний хувьд философийн урсгал гэдэг бол дэлхий ертөнц ба нийгэм дэх хүний үйл ажиллагааны үүрэг зорилгыг хуваарилан тодорхойлж байдаг практик шинжлэх ухаан юм.


Үүний сацуу Кантын философи нь онолын ба практик философиудын хоорондын харилцан хамаарлыг хангалттай хэмжээнд баталж нотолж чадаагүй гэдгээрээ сул талтай гэдгийг хэлж байв.


Тэрбээр өөрийн бүтээлүүддээ, философи бол хүний үйл ажиллагааны хамгийн гол зүйл мөн гэдгийг нотлон харуулах зорилгыг тавьжээ.

 






Натурфилософийг үндэслэгч Фридрих Шеллинг /1775-1854/


Кантын философи ба Фихтегийн үзэл санааг хооронд нь холбож өгсөн хүн бол Фридрих Шеллинг бөгөөд түүний сургаал номлолууд нь философичийнх нь хувьд Гегельд нөлөөлсөн байна.


Ф.Шеллинг тодорхой салбаруудад үнэнийг танин мэдэх үйл явцыг судлах замаар мэдлэгийн ерөнхий системийг бий болгох зорилтыг өмнөө тавьжээ. Хожим нь үүнийг “натурфилософи” гэж нэрлэх болсон бөгөөд энэ нь философич хүний хянуур ажиглалтын дор шинжлэх ухааны нээлтүүдийг нэгтгэх гэсэн анхны оролдлого байлаа.


Түүнийг нэр алдарт хүргэсэн бүтээлүүдэд натур философийн системийн тухай үзэл санаа, таамаглалуудыг дэвшүүлсэн байдаг. Эцэст нь тэрбээр “бодит юм бүр нь эсрэг тэсрэг чиглэлтэй хүчнүүдээс бүрдсэн бүхэл цуллаг зүйл мөн” гэдгийг баталж чаджээ.


Тэрбээр “байгаль бол материйн хувьслыг багтаасан хөдөлгөөнт үйл явц" гээд тухайн үеийн философид байсан механик төсөөллүүдийг шүүмжилж байснаараа сонгодог философийн түүхэнд байгалийн диалектик гэдэг ойлголтыг ойртуулж ирсэн ч түүний философи нь идеалист диалектик шинжтэй байв. Тэрбээр байгалийн философийн талаар ертөнцийг үзэх үзэлд сэтгэхүйн диалектик аргыг тогтоосон нь түүний философийн хамгийн гол оновчтой шийдэл байлаа.

Шеллингийн идеализм бол оюун санаа ба байгалийн адилтгалын ойлголтон дээр тулгуурласан обьектив идеализм юм.


Шеллинг өөрийн хамгийн алдартай бүтээл болох “Трансценденталь идеализмын тогтолцоо” гэдэг номдоо онолын ба практик философиудын хоорондын зааг ялгааг тодорхойлсон байна. Онолын философи нь мэдлэгийн дээд зарчмуудыг тайлбарладаг бол практик философи нь хүний эрх чөлөөний асуудлын шийдлийг эрж хайдаг. Хүний эрх чөлөө нь хүний хөгжлийн бүхий л зарчмуудыг холбож өгдөг эрхзүйт төрийг байгуулснаар бий болдог.

 

Сонгодог философийн ноён оргил Георг Вильхэлм Фридрих Гегель /1770-1838/


Германы сонгодог философийг үндэслэгчдийн нэг  Г.В.Ф.Гегель бол агуу их сэтгэгч бөгөөд түүний бий болгосон үзэл санаа нь эрх зүйн сэтгэлгээний хөгжилд онол–арга зүйн асар их хувь нэмэр оруулсан юм. Г.В.Гегелийн эрх зүйн философи нь чөлөөт хүсэл зоригийг танин мэдэхээс эхэлдэг.  Өөрөөр хэлбэл, эрх зүйн үндэс нь материаллаг харилцаа бус харин оюун санааны үндэстэй хэмээн үзжээ. Г.В.Гегелийн эрх зүйн философи, түүний ойлголтод хандах онол - арга зүйн асуудал нь өнөөгийн хууль зүйн шинжлэх ухаанд тодорхой байр суурь эзэлсээр байна.


Гегелийн философийн систем нь түүний дөрвөн гол бүтээлд тусгалаа олсон байдаг. Үүнд: “Сүнсний үзэгдэл” /1807/, “Логикийн шинжлэх ухаан” /1812-1816/, “Философийн шинжлэх ухааны нэвтэрхий толь” /1817/, “Эрхзүйн философи” /1821/ багтана. Энэхүү системийн үндэс суурийг Германы сонгодог философийг үндэслэгч И.Кантын бүтээлүүд бүрдүүлдэг, гэхдээ Гегелийн философи нь хөгжлийн явцад “абсолют идеализм”, диалектик, системлэг бүтэц, историзм буюу түүхчлэх үзлийн зарчмуудад тулгуурласан бие даасан номлол болж бүрэлдэн тогтжээ. Түүний олон бүтээл алдаршсаны дотор “Түүхийн философийн лекцүүд” нь онцгой анхаарлыг татдаг. Чухамдаа Гегелийн бүтээлүүд нь хүн төрөлхтний түүхийг үзэх үзэлд эргэлт гаргасны дотор К.Марксын түүхэн материализм тэдгээрээс эхтэй.


Түүхэнд Гегелийн философийг Германы сонгодог философийн оргил үе гэж үздэг. Гегелийн философийн түүхэн дэх хамгийн том гавъяа бол “Үгүйсгэл гэдэг бол үнэний шалгуур юм” гэдэг зарчмыг дэвшүүлсэн явдал юм. Энэ үзлээрээ өмнөх үеийнхээ диалектик философийн үзэл санаанаас хол давжээ.


Гегелийн философи бол үндсэндээ дээд зэргээр логикжүүлсэн обьектив идеализм бөгөөд түүний философийн системийг бүхэлд нь гурван хэсэгт хуваан авч үздэг. Үүнд: 1. Логик үнэн 2. Байгалийн философи 3. Дээд санааны философи /туйлын оюуны/.


Гегель философидоо аливаа зүйлс, ертөнц ч мөн адил өөрөө хөдөлж, хөгжиж байдаг бөгөөд үүний эх үндэс нь дотоод зөрчил юм, зөрчил бол бүх юмсын хөдөлгөгч хүч, хөдөлгөөний үндэс гэж үзжээ. Мөн Гегелийн дэвшүүлсэн бас нэг чухал асуудал бол үсрэлтийн тухай ойлголт бөгөөд тэрбээр хөгжил бол тооны аажим хувьслын үндсэн дээр явагддаг. Яваандаа тэр нь тасарч, үсрэлтийн замаар өөр чанарт шилждэг гэсэн асуудлыг үндэслэн гаргаж тавьжээ. Цааш нь тэрбээр аливаа үзэгдэл нь хөгжлийн онцлогоос хамааран өөрийнхөө үгүйсгэлийг /антитезисийг/ бий болгоно гэж үзсэн байна.


Гегелийн философийн үзэл санааг төрийн түвшинд хүлээн зөвшөөрснөөр 19 дүгээр зууны үеийн Прусс улсын албан ёсны үзэл суртлын хэмжээнд хүртэл үнэлэгдэж, Гегелийг Берлиний их сургуульд урьж ажиллуулж байжээ. 

 

Уран зохиол, шашин судлалд нөлөөлөгч Фридрих Ницше /1844–1900/

Германы философич Фридрих Вильгелм Ницше бол хүн төрөлхтний түүхэн дэх агуу сэтгэгчдийн нэг байсны зэрэгцээ хувь хүнийхээ хувьд асар их зөрчилтэй нэгэн байв. Өөртэй нь нэгэн цаг үед амьдарч байсан хүмүүс түүнийг хүлээн зөвшөөрдөггүй, галзуу солиотой хэмээн тооцож, олон улс оронд номлолыг нь сурталчлахыг хориглодог байв.


Ницше философичийн хувьд нэрд гарахад эртний Грекийн Аристотель, Платон нарын философи, Германы их сэтгэгч Артур Шопенгауэрын үзэл санаа, Дарвины хувьслын онол ихээхэн нөлөөлсөн байна.


Ницшегийн гүн ухааны бүтээлүүдээс "Эмгэнэлт жүжгийн эхлэл" (1872), "Заратустра өгүүлсэн нь" (1885), "Сайн муугийн цаана" (1886), "Ёс суртахууны гарал үүсэл" (1887), "Антихрист" (1888), "Ессэ Homo" (1889), "Эрх мэдлийн хүслэн" (1901) зэргийг дурдаж болно.


Ницшегийн үзэж байснаар, өрнө дахины шашны уламжлалт ёс зүй нь өдгөө мөн чанараа алдаж хувь хүмүүсийн амьдралыг тэтгэж чадахаа больжээ. Энэ бодлоо тэрбээр "Бурхан үхчихлээ" хэмээн илэрхийлэн тунхагласан байдаг. Мөн Христийн номлолд шүүмжлэлтэй хандаж, түүнийг "боолчлох ёс суртахуун" гэж нэрлэж байв. Учир нь хүмүүсийг ёс суртахууны нэгэн хэм хэмжээнд хязгаарлан барьж байх зорилготой энэхүү номлол нь чухамдаа сул дорой, номхон гэнэн хүмүүсийн оюун санаанд үйлчилж байдаг ажээ.


Харин Ницше "өөртөө эзэн байх ёс суртахууныг" санал болгож байсан бөгөөд нийгмийн тогтсон хэм хэмжээг эвдэж чадах хүчирхэг, төгс төгөлдөр, бие даан сэтгэж буй Сод хүнийг өндрөөр үнэлдэг байна. Түүний үзэж байснаар "бүлэг буюу сүрэг хүмүүс" ямагт аливаа нэгэн уламжлал, ёс заншлаас хамаардаг бол Сод хүн нь бусдаас ялгагдах онцлог шинж чанартай, өөрийн сонирхол хүслээ хянаж чаддаг, шашны номлодог диваажинд бус бодит ертөнцийг шүтэж итгэснээр хүний амьдралд тохиолддог зовлон жаргалыг бүрэн мэдэрдэг, үргэлж шинэ зүйл, шинэ харилцааг тууштай бүтээж явдаг ажээ.


Ницшегийн ёс суртахууны гол цөм нь амьдралын үндсэн хөдөлгөгч хүч бол хувь хүний эрх мэдэлтэй байх хүсэл эрмэлзэл мөн гэсэн санаа юм. Харамсалтай нь, энэхүү төгс төгөлдөр сод хүний тухай үзэл баримтлалыг нь эзэн боолын харьцаат нийгмийн жишээ болгон тайлбарлаж, дарангуйллын тоталитар гүн ухаантай холбон буруугаар ойлгож иржээ.

Фридрих Ницше бол Германы төдийгүй нийт Өрнө дахины уран зохиол, шашин судлалд гүнзгий нөлөө үзүүлсэн сэтгэгч юм. Түүний дэвшүүлсэн үзэл санаа нь Германы философч Мартин Хайдеггер, Америкийн теологч Паул Тиллих, еврейн гүн ухаантан Мартин Бубер, Францын зохиолч Альбэр Камю, Жан-Поль Сартр зэрэг суутнуудын бүтээлүүдэд тусгалаа олжээ.


Эд баялгийг үл тоомсорлож, эрүүл мэндийг эрхэмлэгч Артур Шопенхауэр

Германы алдарт гүн ухаантан А.Шопенхауэр гоонь эр байсан бөгөөд өөрийн дотоод сэтгэл санааны эрх чөлөөгөөрөө бахархаж, эд баялгийг үл тоомсорлож, эрүүл мэндийг эн тэргүүнд тавьж, үзэл бодлоо хурцаар илэрхийлдэг нэгэн байжээ. Тэрбээр өөртөө туйлын хайртай, аливаад хардаж сэрдэн ханддаг, хүмүүст үл итгэдэг хүн байв.


Артур бага залуугаасаа Германы романтизмд гүнзгий татагдаж, далд үзэгдлийг сонирхож, И.Кантыг сүүлийн 2 мянган жилийн дотор гүн ухаанд гарсан хамгийн гайхамшигтай үзэгдэл гэж үнэлж байв. Мөн буддын шашны гүн ухааны буюу эртний Энэтхэгийн шашны бүтээлүүдийн үзэл санааг өндрөөр үнэлж, өрөөндөө И.Кантын цээж баримал, Будда бурхны жижиг хүрэл баримлыг тавьсан байдаг байжээ. Тэрбээр Ф.Ницше, Ф.Шеллинг, С.Кьеркегор, Ф.Якоби, В.Дильтей, О.Шпенглер зэрэг эрдэмтдийн адилаар гүн ухааны иррационализмыг баримтлагч байв.


Өнгөрсөн хэдэн зуун жилд дэлхийд алдаршсан философичдын бүтээлүүдээс Шопенхауэрын бүтээлүүдийг өнөө цагт хамгийн ихээр уншдаг.  Гүн ухааны салбарт түүний бичсэн хамгийн алдартай бүтээл бол «Ертөнц бол хүсэл эрмэлзэл ба төсөөлөл мөн» (Die Welt als Wille und Vorstellung, 1818) бөгөөд амьсгал хураах хүртлээ түүнийгээ олон түмэнд  тайлбарлан таниулж, түгээн дэлгэрүүлсээр байлаа. Энэ номдоо тэрбээр өөрийн ертөнцийг үзэх үзэл, хүмүүжил, үүрэг хариуцлага ба ганцаардлын талаарх бодол санаагаа илэрхийлэн бичсэн байдаг. Ингэж бичихэд хамгийн ихээр нөлөөлсөн хүмүүс бол Грекийн гүн ухаантан Эпиктет, Германы философч И.Кант нар юм. “Аз жаргал бол гадна байгаа гоё сайхан зүйлс биш, харин хүн өөрөө өөртэйгөө нийцэн зохицсоны үр дүн мөн” гэж үзсэн нь уг номын гол үзэл санаа болой. 


Түүнээс гадна, Шопенхауэрийн бичсэн “Эристик буюу маргаанд ялах урлаг”, “Бэлгийн хайрын метафизик” гэдэг бүтээлүүд нь чамгүй алдартай. 


...Эцэст нь дүгнэхэд, чухамдаа Германы философичид байгаль ертөнцийн зөрчилт шинжийг баталж чадсан нь шинжлэх ухааны мэдлэгт тэмүүлсэн шинэ зам харгуйг нээж өгсөн юм. Германы философийн урсгал нь философийн сэтгэлгээ, үзэл санааны хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд дэлхий даяар сэтгэлгээний хэв маяг өөрчлөгдөх үндэс суурийг тавьсан билээ. Ингэснээр философийн ойлголтуудыг шинэ түвшинд гаргаж, хүний сэтгэлгээг түүхчилсэн шинжтэй /historicity/ болгосон нь тэдний гол гавьяа мөн. 

Related news