Женевт зохион байгуулсан сар шинийн барилдаанд Э.Батбаяр түрүүлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 1 /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Швейцарын Холбооны улсад суугаа Элчин сайдын яам, Монголын үндэсний бөхийн холбооны Европ дахь салбар хамтран “Цагаан сар-2024” үндэсний бөхийн барилдааныг Женев хотноо амжилттай зохион байгууллаа.
Монгол Улсаас ШХУ-д суугаа Элчин сайд Д.Гэрэлмаа бөхийн барилдааныг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс, ШХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 60 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулах цуврал үйл ажиллагааг монгол түмний соёлын дархлаа болсон үндэсний бөхийн барилдаанаар эхлүүлж буйг онцлон тэмдэглэе. Барилдааныг санаачлан зохион байгуулагч МҮБХ-ны Европ дахь салбар холбоо, ерөнхий зохион байгуулагч “Да Са” групп, оролцогч бөхчүүд, өсвөрийн бөхчүүд, ивээн тэтгэгч нарт талархал илэрхийлье” гэв.
Мөн Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг тус үйл ажиллагаанд мэндчилгээ илгээснийг Элчин сайд Д.Гэрэлмаа уншиж танилцуулав. Сайд Б.Батцэцэгийн мэндчилгээнд “НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллагын хүн төрөлхтний биет бус соёлын өвд бүртгэгдсэн үндэсний уламжлалт баяр наадмын нэг төрөл болох хүчит бөхийн барилдаан манай ард түмний ёс заншил, уламжлалт соёлын чухал бүрэлдэхүүн хэсэг билээ.
Үндэсний өв соёлоо гадаад улс орнуудад сурталчлан таниулах үйлсэд хилийн чанад дахь монгол нийгэмлэгүүд хүчин чармайлт гаргаж, үнэтэй хувь оруулдгийг онцлон тэмдэглэхийн зэрэгцээ та бүхэнд Монгол Улсын Засгийн газрын нэрийн өмнөөс талархал илэрхийлж байгааг минь хүлээн авна уу. Гадаад харилцааны яамнаас үндэсний түүх, соёл урлаг, зан заншлаа дэлхий нийтэд сурталчлах таниулах, хилийн чанад дахь монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, тэдний үүсгэн байгуулсан төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих зорилгоор хэрэгжүүлдэг “Дэлхийн монголчууд” цогц үйл ажиллагааны хүрээнд МҮБХ-ны Европ дахь салбар холбоотой хамтран ажиллах болно” гэсэн байна.
Бөхийн барилдаанд Швейцар, Франц, Герман, Чех, Итали, Бельги, Нидерланд, Унгар зэрэг найман оронд ажиллаж, амьдарч буй монголчуудаас 32 бөх эр бяр, хурд хүчээ сорьсноос Нидерландаас оролцогч Э.Батбаяр түрүүлэв.