Монгол, Германы харилцаа цаашид ч үр дүнтэй, харилцан ашигтай байх боломж дүүрэн байна

ТОЙМ
uranatuya@gmail.com
2024-02-02 14:29:27

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 2 /МОНЦАМЭ/. Манай улс Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой энэ жил тохиож байна.


Монгол болон Германы харилцааны түүх тэртээх 13-р зууны үеэс эхтэй бөгөөд хоёр улс шинэ цагийн холбоо харилцаагаа 20-р зууны эхэн үед тогтоож эхэлсэн байдаг. Монголчуудын хувьд Европын улсуудаас Германыг илүү сонирхож, холбоо тогтоох хүсэл эрмэлзлээ 1911 онд Богд хаант Монгол улс байгуулагдсаны дараахан Орос дахь албан ёсны төлөөлөгчдөөр нь дамжуулан илэрхийлж байжээ. Тухайн үед гадаадын улс гүрнүүд, ялангуяа өрнөдийн томоохон улсуудтай албан ёсны харилцаа тогтоох бодлого баримталж байсан нь эндээс харагддаг.


Ямартаа ч тэрхүү сонирхол нь биеллээ олж 1920-иод он гэхэд германчууд Монголтой худалдаа арилжааны шугамаар холбогдож эхлэн, "Юэнь Фунг трейдинг", "Дорн", "Симсон" зэрэг пүүсийн салбар, Герман-Монголын худалдааны нийгэмлэг үйл ажиллагаагаа өрнүүлэх болжээ. Худалдаа арилжааны хэлцэл зэргийг Монголын хувьсгалын удирдагчид тэргүүтэй хүмүүс хариуцаж байсан гэдэг.


Мөн "Мерседес Бенц" пүүс өөрийн үйлдвэрийн машиныг Монголд зохицох эсэхийг туршихаар төлөөлөгчдөө ирүүлэн судалгаа хийж байсан төдийгүй, Люфтханзагийн төлөөлөгчид Берлин-Москва-Улаанбаатар-Бээжингийн чиглэлд нислэг хийх агаарын замыг судлахаар нисэж байсан зэрэг баримт буйг судлаачид дурддаг. Басхүү тэр үед Улаанбаатарт байгуулсан Цахилгаан станц болон Тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Германаас авч байсан, Аж ахуйн явдлын яаманд герман сургагч, Цахилгаан гэрлийн хороо, Хэвлэлийн хороо, Цэмбэний завод /үйлдвэр/, Монголтранс зэрэг байгууллага Германы мэргэжилтэн урьж ажиллуулж байжээ. Нэг үгээр хэлбэл, манай улс өрнөдийн томоохон гүрэнтэй тэртээ 1930-аад онд эдийн засгийн идэвхтэй харилцаатай байжээ.


Ингээд 1950 онд БНАГУ болон БНМАУ дипломат харилцаа тогтоосон бөгөөд хожмоо 1974 онд ХБНГУ-тай дипломат харилцаагаа эхлүүлсэн түүхтэй юм. Манай улсад нийгэм эдийн засгийн шинэ тогтолцоо бий болсноос хойш буюу 1990 оноос хойш Нэгдсэн Герман улсаас Монголд айлчилсан анхны төлөөлөгчид нь эдийн засгийн хөгжлийн хамтын ажиллагааны чиглэлийнх байв. Эндээс хоёр улсын орчин цагийн харилцаа эдийн засгийн агуулгаар сууриа тавьж байсныг харж болно. Тэгвэл өнөөдөр Монгол Улсын хувьд ХБНГУ нь томоохон хөгжлийн түнш орон төдийгүй худалдаа, эдийн засгийн харилцааны хувьд Европ дахь идэвхтэй улсуудын тоонд зүй ёсоор тооцогдох болжээ. 1990-ээд оноос сэргэн идэвхжиж эхэлсэн худалдаа, эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжин шинэ шинэ агуулгаар баяжин хөгжсөөр байна. Сүүлийн жилүүдэд Германы хөрөнгө оруулалттай компани, аж ахуйн нэгж Монгол Улсад улам бүр нэмэгдсээр байгаа бөгөөд эдийн засгийн хүчин чадал өндөр гэгддэг Германы хөрөнгө оруулалтыг татах манай талын хүчин чармайлт өнөө цагт туйлын чухал байгаа юм. Монгол Улсын өнөөгийн нээлттэй, бие даасан гадаад бодлого нь хоёр орны харилцаа цаашид хөгжин бэхжихэд таатай хөрс болох үндэстэй гэж судлаачид онцолдог юм.  


Зуугаад жилийн өмнө герман мэргэжилтнүүд нислэгийн зам судалж байсан бол одоо Улаанбаатар-Франкфурт-Улаанбаатар чиглэлд МИАТ компани тогтмол нислэгтэй болж хоёр улсын хоорондох агаарын зам зорчигч дүүрэн, тэр хэрээр хүн хоорондын харилцаа гүнзгийрэн дотноссон байна. Мөн Монголын эдийн засгийн боломж нэмэгдэх тусам хоёр орны бизнесийн хүрээнийхэн хамтын үйл ажиллагаагаа идэвхжүүлэх хандлагатай болжээ.


Монгол Улс өрнөдийн орнуудаас хамгийн анх буюу 1995 онд ХБНГУ-тай улс хоорондын Харилцааны үндсийн тухай Хамтарсан тунхаглалтай болсноор харилцааны үндсэн зарчим, хамтын ажиллагааны чиглэлүүдээ тогтоож чадсан юм. Хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд ХБНГУ нь манай улсад биологийн олон янз байдлыг хамгаалах, эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх, эрдэс баялгийн менежментийг сайжруулах гэсэн чиглэлийг гол болгон, төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж, туслалцаа үзүүлсээр ирсэн. Түүнээс гадна соёл, боловсрол, эдийн засаг, байгаль хамгаалал зэрэг олон салбарын сайн харилцаатай ч, цаашид аж үйлдвэр, бүтээн байгуулалтын салбарт харилцан ашигтай харилцаа бий болгох талаар сүүлийн жилүүдэд эрчимтэй ярих болсон билээ. Ялангуяа, 2008 онд тогтоосон Иж бүрэн түншлэлийн харилцаагаа шат ахиулах цаг болсныг хоёр тал санал нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг. Хоёр улсын эдийн засгийн харилцааг хөгжүүлэх орон зай хангалттай байгааг эдийн засагчид ч онцолдог. Засгийн газар хоорондын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах энэ асуудлыг 2022 онд Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-д хийсэн айлчлалаараа ярилцаж, зарчмын хувьд тохиролцсон юм.

Хэрэв Иж бүрэн түншлэлийн харилцаагаа Стратегийн түншлэлд хүртэл ахиулж чадвал эрчим хүч, уул уурхай, эрдэс баялаг, хүмүүнлэг, боловсрол, соёлын салбар дахь хамтын ажиллагаа илүү өргөн хүрээтэй эдийн засгийн агуулгаар баяжин хөгжих боломж бүрдэнэ гэсэн хүлээлт байна. Хэдийгээр газар зүйн хувьд хол ч худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх бүрэн бололцоо хоёр улсад бий. Аль аль талдаа эдийн засгийн сонирхол нэмэгдсээр байгаа нь харилцааг улам гүнзгийрүүлэх нэг сайн тал нь юм.

Герман бол манай улсын хөгжлийг ахиулахад нэгэн үзүүрт хандлагаар дэмждэг гуравдагч сайн хөрш гэж тодорхойлж болох юм. Конрад Аденауэрийн, Фридрих Эбертийн, Ханс Зайделийн зэрэг томоохон сангууд манай улс төр, эдийн засаг, нийгмийн шинэтгэл хийх үйлсэд бодитойгоор туслалцаа үзүүлсээр байна. Мөн Германы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлж Дарханы дулааны цахилгаан станцын турбины шинэчлэлийг хийснээс гадна, Сайншанд дахь салхин паркыг байгуулах зэргээр цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлд багагүй нэмэр хандив үзүүлж буй юм.


Монгол Улс гуравдагч хөрш, тэр дундаа Холбооны Бүгд Найрамдах Герман Улстай харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлэхийг гадаад бодлогынхоо тэргүүлэх чиглэлд багтаадаг. Энэ утгаараа Европын  Холбооны улсуудаас нэлээд идэвхтэй хамтын ажиллагаатай нь Герман бөгөөд өрнөдийн орнуудаас хамгийн их дэмжлэг үзүүлсэн орон гэж хэлж болно. Монгол Улс дахь байгаль орчин, ногоон хөгжлийн салбарт хэрэгжиж буй гадны төслүүдээс хамгийн өндөр үнийн дүнтэй нь ХБНГУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй төслүүд байдаг. Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн харилцааг нэмэгдүүлэх, зөвхөн зээл тусламжийн хүрээнд хамтрах бус эдийн засгийн хувьд харилцан ашигтай хамтран ажиллахад гол анхаарлаа хандуулах болсон юм. Тухайлбал, уул уурхай, ашигт малтмалын салбараас гадна агаарын тээвэр, зам тээвэр, төмөр замын дэд бүтэц, барилга хот байгуулалтад Герман улсын техник технологийг ашиглах боловсон хүчнээ сургах, олон улсын стандартыг нэвтрүүлэх чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг зорьж буй юм. Байгалийн баялаг ихтэй манай улсын хувьд Германд чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, судалгаа хийх тал дээр хамтран ажиллах, боловсролын хамтын ажиллагааг улам өргөжүүлэхийг байнга эрмэлзэж ирсэн. 


Одоогоос зуугаад жилийн өмнө Монголын шилдэг сэхээтнүүдийг бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж байсан Герман улс одоо ч манай улсын эрүүл мэнд, уул уурхай, технологийн салбарт мэргэжилтэн бэлтгэхэд дэмжиж, хамтарсаар байгаа юм. 1926 онд монгол залуусыг өрнөдийн боловсролд суралцуулах зорилгоор Герман руу илгээснээс эхэлсэн Монгол, Германы боловсролын салбарын хамтын ажиллагаа сайн түвшинд, тууштай үргэлжилж байна. 


Монгол Улс урт, дунд, богино хугацааны хөгжлийн бодлогоо хэрэгжүүлэхийн тулд ирэх жилүүдэд 30 мянга гаруй инженер, техникийн ажилтан бэлтгэх шаардлагатай байгаа юм. Тэдгээрээс 1000 инженерийг нь ХБНГУ-д эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуйн чиглэлээр бэлтгэхээр хоёр улсын Засгийн газар тохиролцоонд хүрээд буй.  Мөн хоёр улсын Засгийн газрын санаачилгаар 2013 онд Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал, технологийн их сургуулийг үүсгэн байгуулж, мэргэшсэн инженерүүдийг Монголдоо бэлтгэж буй нь эдийн засгийн харилцааны нэг чухал ололт болж байна.


Түүнчлэн олон жилийн туршид байгаль орчин, тэр дундаа ой, биологийн олон янз байдал, тусгай хамгаалалт, уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр тууштай хамтарч байна. Тухайлбал, “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд байгаль хамгаалагчдын ажлыг дэмжих, шаардлагатай техник төхөөрөмжийг нийлүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааг сайжруулахад чиглэсэн буцалтгүй тусламж олгож иржээ. 2015 оноос ХБНГУ-ын Засгийн газрын санхүүгийн тусламжаар хэрэгжиж эхэлсэн дээрх төсөл 2027 он хүртэл үргэлжлэх юм. Дэлхий нийтээр уур амьсгалын өөрчлөлтийн асуудалтай нүүр тулж буй энэ цаг үед манай улсад яг энэ чиглэлийн төсөл хөтөлбөр санхүүжүүлэн хэрэгжүүлж байгаа нь өргөн хүрээний ач холбогдолтой юм.


Манайх өрнөд дэх итгэлтэй түнш улсаа түшиглэн худалдаа үйлдвэрлэлийн салбараа хөгжүүлэхээр Монгол Улс Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын төлөөлөгчийн газрыг 2019 онд ХБНГУ-д албан ёсоор нээсэн. Тус төлөөлөгчийн газар нь хоёр улсын эдийн засгийн болон худалдааны хамтын ажиллагааг өргөжүүлэх, техник технологиороо дэлхийд тэргүүлэгч Германы компаниудтай өргөн харилцаатай болох, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, эдийн засаг, худалдааны бодит үр дүн гаргахад чиглэн ажиллаж байгаа юм. Тухайлбал, Монгол, Германы Худалдаа, аж үйлдвэрийн танхимууд хамтран хонины ноосыг боловсруулж нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн бий болгох, орон нутагт ажлын байр бий болгох, малчдын орлогыг нэмэгдүүлэхэд чиглэсэн төслүүдийг амжилттай хэрэгжүүлдэг.


2009 онд хоёр улсын Эрүүл мэндийн яам эрүүл мэнд, анагаах ухааны салбарт хамтран ажиллах чиглэлээ албан ёсоор тодорхойлсноос хойш энэ салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа хурдацтай өргөжиж эхэлсэн байдаг. Ковидын эхэн үе буюу халдвар хамгааллын дэглэм хамгийн чухал цагт Герман улсаас мэргэжлийн тусламж, зөвлөгөө өгөх, яаралтай түргэн тусламжийн сургах багаа Монгол руу илгээж байлаа.  


ХБНГУ-ын Холбооны Батлан хамгаалах яамнаас Монгол Улсын БХЯ-ны харьяа Цэргийн төв эмнэлэгт тоног төхөөрөмж, хамгаалах хэрэгсэл, эм тариа худалдан авахад зориулан санхүүгийн тусламж олгож байв. Мөн цар тахлын хүнд үед манай улс тус улсаас иргэдээ татан авах ажлыг маш шуурхай зохион байгуулж чадсан нь хоёр улсын харилцан ойлголцлын түвшин өндөр хэмжээнд байдгийг илтгэсэн үйл явдал болсон билээ.


Хоёр орны Иж бүрэн түншлэлийн харилцаанд батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаа жинтэй байр суурь эзэлдэг. Монгол, ХНГУ-ын батлан хамгаалах салбарын харилцаа 1993 оноос хойш эрчимтэй хөгжиж өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн харилцан айлчлал, яамд хоорондын зөвлөлдөх уулзалт, цэргийн боловсон хүчнийг сургах чиглэлд нягт хамтран ажиллаж буй юм. Тухайлбал, монгол цэргүүд Германд мэргэжил дээшлүүлэх сургалтад тогтмол хамрагдаж байна. Афганистанд герман цэргүүдийн хамтаар энхийг сахиулах үйлст хувь нэмрээ оруулж байна.


Энэ мэтээр өнгөрсөн хугацаанд эдийн засаг, нийгэм улс төрийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдөхөөс үл шалтгаалан хоёр улсын хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж ирсэн. Цаашид хоёр орны харилцааг илүү үр дүнтэй, харилцан ашигтай болгох боломж дүүрэн гэдгийг олон жилийн тууштай харилцаа харуулдаг юм. 

Related news