Грэмми-2024: Билли Айлиш шилдэг дуу шагналын эзнээр тодорлоо

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khulan@montsame.gov.mn
2024-02-05 13:07:20

ЛОС-АНЖЕЛЕС, 2024 оны хоёрдугаар сарын 5 /BBC/. “Грэмми” хөгжмийн наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслол АНУ-ын Калифорни муж улсын Лос-Анжелес хотын “Cripto.com” цогцолборт үргэлжилж байна.


Америкийн дуучин Билли Айлиш “Barbie” киноны “What Was I Made For?” дуугаараа “Грэмми” наадмын гол шагналуудын нэг болох “Оны шилдэг дуу” шагналын эзэн боллоо. Эл дуунд өнгөрсөн зун хит болсон киноны хамгийн сэтгэл хөдөлгөм мөч болох барби хүүхэлдэй өөрийн мөн чанарт эргэлздэг хэсгийг тодотгон харуулдаг.


Б.Айлишаас гадна SZA, Майли Сайрус, Тэйлор Свифт нар шагнал хүртээд байгаа бөгөөд Т.Свифтийн хувьд "Шилдэг поп гоцлол цомог" шагналыг гардах үеэрээ шинэ цомгоо гаргах гэж байгаагаа зарлажээ.

Энэ жил Т.Свифт мөн "Шилдэг цомог" төрөлд шалгарч уг шагналыг дөрвөн удаа хүртсэн анхны уран бүтээлч боллоо. Тэрбээр шилдэг цомгийн эзнээр гурван удаа тодорсон амжилтаар Стиви Уандер, Пол Саймон, Фрэнк Синатра нартай эн зэрэгцэж байсан юм.


“Грэмми-2024” наадмыг Дуа Липа “Barbie” киноны дуу “Dance the Night” болон өөрийн хит дуунуудаас бүрдсэн үзүүлбэрээр нээжээ. “Dance the Night” дуу мөн шилдэг дуу төрөлд нэр дэвшсэн юм.


Харин энэ удаагийн наадмын есөн шагналд нэр дэвшээд буй, R&B дуучин SZA-гийн хувьд “Kill Bill” дуугаа дуулахдаа ижил нэрт киноны тулаант хэсгийг үзэгчдийн хүртээл болгожээ.


Мөн Оливиа Родриго, Б.Айлиш, Burna Boy, Трэвис Скотт нар өөрсдийн уран бүтээлийг толилуулсан байна.


“Грэмми” наадмын 66 дахь удаагийн шагнал гардуулах ёслолын эхний шагналыг Майли Сайрус “Flowers” дуугаараа “Шилдэг поп ганцаарчилсан үзүүлбэр” төрөлд хүртлээ. Түүний хувьд “Грэмми”-ийн шагналыг анх удаагаа хүртэж буй нь энэ ажээ.


"Грэмми"-гийн шилдэг шинэ уран бүтээлчийн шагналыг Америкийн дуучин Виктория Монет хүртлээ.

Related news