Сургууль, цэцэрлэгийн хоолны чанар, хангамжийг сайжруулах төслийн нээлт боллоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛУлаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Австралийн Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөр болон “Зориг сан”-гийн “Эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийн 2023-2024 оны оролцогчид “Beyond Nutrition” төслийг эхлүүллээ. Төсөл нь сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чанар, хангамжийг сайжруулах зорилготой ажээ. Энэ зорилгын хүрээнд сонгогдсон сургууль, цэцэрлэгийн гал тогооны асуудлыг цогцоор шийдвэрлэхийг зорих бөгөөд хүүхдийн хоолны амт чанар, шим тэжээлийг сайжруулах юм байна.
Төслийн хүрээнд нийслэл Улаанбаатар хотоос нэг сургууль, нэг цэцэрлэг, Дархан-Уул аймгаас тусгай хэрэгцээт нэг сургууль, ердийн болон тусгай хэрэгцээт хоёр цэцэрлэгийг сонгожээ. Ингэснээр сонгогдсон хоёр сургууль, гурван цэцэрлэгийн гал тогоог стандартад нийцүүлэн тохижуулах, автомат аяга, таваг угаагчаар хангах, сурагчдыг амны хөндийн эрүүл мэндийн үзлэгт хамруулах, хүүхдийн насны онцлогт тохирсон шим тэжээлтэй хоолны цэс боловсруулах, сургууль, цэцэрлэгийн тогооч болон удирдлагыг мэргэжлийн сургалтад хамруулах, эцэг, эхчүүд болон сурагчдад шим тэжээлийн болон эрүүл мэндийн боловсрол олгох сургалтыг зохион байгуулах, эрүүл аюулгүй хоол хүнсээр хангах тогтолцоонд үнэлэлт өгч зөвлөмж, боловсруулах ажээ.
Төслийн нээлтийн үеэр ерөнхий боловсролын сургуулийн тогооч нар 1500 төгрөгт багтаан хийж байгаа үдийн хоолны цэсийг сонирхуулсан. Мөн хүүхдийн үдийн хоолонд зориулж байгаа мөнгийг 3000 болговол ямар хоол хийх боломжтойг нь үзүүлсэн байна.