ДАРХАН-УУЛ: Улсын аварга малчид шагналаа гардан авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-02-05 17:09:24

Дархан, 2024 оны хоёрдугаар сарын 5 /МОНЦАМЭ/. Луу жилийн босгон дээр Дархан-Уул аймгаас улсын аварга малчин 10 тодорсон. Эдгээр улсын аварга малчдын шагналыг энэ сарын 38,4-ний өдөр УИХ-ын гишүүд болон орон нутгийн удирдлагууд гардуулж өглөө.


Хонгор сумын Зулзага багийн малчин А.Батхуяг нь 29 жил мал маллаж, сүүлийн таван малын хорогдолгүй байж 100 эх малаас 100-110 төл бойжуулж, нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлэхэд анхаарч буйг шагнал авах үеэрээ онцолж байлаа.




Нутгийн малчид, мал бүхий иргэдэд баяд омгийн хурган хуц бойжуулан, мал багатай айл өрх, амьжиргааны түвшин доогуур амьдралтай хоёр өрхийг малжуулж ажлын байртай болгохын зэрэгцээ 425 толгой мал өгч малжуулан, дөрвөн хүн, найман хүүхдийг ажлын байртай болгожээ.




А.Батхуяг нь 2018 онд ХХААХҮЯ, МҮОНРТ-ийн хамтарсан шагнал “Алтан хурганы эзэн" шагналаар шагнуулж байсан бол ийнхүү “Улсын аварга малчин”-аар тодорч шагналаа гардан авлаа.

 



Орхон сумын малчин Нямбуугийн Ганхуяг Туулай жилийн "Улсын аварга малчин"-аар тодорлоо. Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн малчин Н.Ганхуяг эцэг, эхээс өвлөсөн малч арга, ухаанд суралцаж 33 жил тасралтгүй хөдөө аж ахуйн салбарт хөдөлмөр зүтгэлээ зориулан хөдөлмөрлөж байна.




Гэргий Н.Энхсайханы хамтаар 2008 оноос хойш Орхон сумын Энхтал багт шилжин суурьшиж малын тоо толгойг өсгөхөөс илүүтэй нэгж малаас авах ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарч ажилладаг аж.

Сүхбаатар аймгийн үзэмчин үүлдрийн хуц, Говь-Алтай аймгийн "Алтайн улаан" үүлдрийн ухна, махны чиглэлийн "Сэлэнгэ" үүлдрийн бухаар цус шингээх эрлийзжүүлэлт хийж мал сүргийнхээ ашиг шимийг сайжруулж буй малчдын төлөөлөл юм.




Мөн Хонгор сумын Зулзага багийн малчин Гүнтэвийн Тогтох мал аж ахуйн салбарт ажилласан 22 жилийнхээ хөдөлмөрийг үнэлүүлж "Улсын аварга малчин" боллоо. Малчин Г.Тогтох нь сэлэнгэ үүлдрийн үхэр үржүүлж мал багатай айл өрх, амьжиргааны түвшин доогуур амьдралтай таван өрхийг малжуулан ажлын байртай болгож, 1180 гаруй толгой мал өгч малжуулан, хөдөлмөрийн чадвартай есөн хүн, долоон хүүхдийг ажлын байртай болгожээ.




Өвлийн бэлтгэлийг сайтар хангаж, малчны нөхөрлөл байгуулан 10 га хадлангийн талбайг хамгаалж цэвэрлэн цас тогтоож, жилдээ байгалийн хадлан өвс 50-60 тонн, эрдэс болон хүчит тэжээл 25-30 тонн, давс хужир 2-5 тонныг нөөцлөн авч, өвлийн бэлчээрийг холоос ойртуулж, нарийн хуваарьтай ашиглан ирсэн байна.




Хонгор сумаас тодорсон "Улсын аварга малчин" Доржийн Төртогтох гэр бүлийн хамт 30 гаруй жил эрдэнэт мал, сүргээ өсгөж, хөдөө аж ахуйн салбарт хувь нэмрээ оруулж байна. 2020 оны "Аймгийн аварга малчин", мөн "Сумын алдарт уяач" тэрбээр гэргий Б.Норовын хамтаар баяд үүлдрийн хонь, өлгий улаан үүлдрийн ямаа, сэлэнгэ үүлдрийн улаан халзан үхэр, тэс үүлдрийн адуу гээд нийт 1100 гаруй тоо толгой малтай өвөлжиж байна.


 

Казах түмний төлөөлөл Зияхумарын Төлек Туулай жилийн "Улсын аварга малчин" болж шагналаа гардан авлаа. Алтан гадас одонт, аймгийн аварга малчин Зияхумарын Төлек 60 орчим жил мал сүргээ өсгөн үржүүлж байна. Луу жилийн босгон дээр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хөдөө аж ахуйн салбарт оруулж буй хөдөлмөр, зүтгэлээ ийнхүү үнэлүүллээ.



Гэргий Д.Затимынхаа хамтаар бог, бод нийлсэн дөрвөн төрлийн мал сүргээ өсгөн үржүүлж байна. Керей үүлдрийн хонь /нарийн, нарийвтар ноосны чиглэлийн/, галшар үүлдрийн адуу, уулын бор үүлдрийн ямаа, казахын цагаан толгойт үүлдрийн үхэр нийлсэн 1500 гаруй толгой малаа эрчимжүүлсэн байдлаар ашиг шимийг нь нэмэгдүүлэн өсгөж байна.


 

Дархан-Уул аймгаас тодорсон улсын аварга малчдын нэг нь Хонгор сумын Зулзага багийн малчин Х.Жамсран юм.

Гэргий А.Балжиннямын хамтаар баяд үүлдрийн хонь, өлгий улаан үүлдрийн ямаа, сэлэнгэ үүлдрийн үхрийг эрчимжсэн мал аж ахуйн чиглэлээр ашиг шимийг нь сайжруулан өсгөн үржүүлж байна.


 

Дархан-Уул аймгийн Хонгор сумын хоёрдугаар багийн малчин Норслойн Төвжаргал, гэргий Г.Сайнхишигийн хамт "Улсын аварга малчин"-ы цол тэмдэг, шагналаа гардан авлаа.

МҮОНРТ-ийн "Алтан төлийн эзэн", аймгийн аварга малчин Н.Төвжаргал тэс үүлдрийн 400 гаруй адуу, 800 гаруй хонь, 80 орчим үхэртэй ажээ.


 

"Улсын аварга малчин" Хонгор сумын нэгдүгээр багийн харьяат Пунцагийн Цогбаяр 2013 онд “Сумын аварга малчин”, 2012-2016 онд мянгат малчин өргөмжлөл, 2017 онд “Сумын манлай малчин” цол тэмдгээр тус тус шагнуулж байжээ. Түүний хөдөлмөр зүтгэлийг үнэлж өнөө жил "Улсын аварга малчин”-аар тодруулсан бөгөөд шагналыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр, аймгийн Засаг дарга Б.Азжаргал, Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хонгор сумын Засаг дарга Атархишиг нар гардууллаа.




Буянт мал, сүргээ өсгөн үржүүлж буй Улсын аварга малчнаар тодорсон Ж.Бямбажав нь Шарын гол сумын гуравдугаар багийн малчин юм.

Ж.Бямбажав нь Бар жилийн "Алтан төлийн эзэн" бөгөөд үндэсний баялаг болсон мал аж ахуйгаа тогтвортой эрхлэн, эх орныхоо эдийн засагт үнэтэй хувь нэмэр оруулж ийнхүү сар шинийн босгон дээр "Улсын аварга малчин" болж байна.



Related news