Японоос анх удаа тираннозавридын эрүүний чулуужсан яс олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
khulan@montsame.gov.mn
2024-02-16 17:21:45

ТОКИО, 2024 оны хоёрдугаар сарын 16 /Kyodo/. Японы баруун өмнөд нутгаас цэрдийн галавын сүүл үед хамаарах 74 сая жилийн настай газрын давхаргаас тиранозаврид үлэг гүрвэлийн доод эрүүний чулуужсан яс олдсон талаар орон нутгийн музейнүүд пүрэв гарагт мэдэгдлээ. Энэ нь тус улсаас олдсон анхны ийм олдвор болжээ.


Күмамото мужийн Рейхокү суурингаас олдсон олдвор нь Цэрдийн галавын сүүл үеийн томоохон тероподуудын төрөл хийгээд Ази тив дэх тархац нутгийнх нь судалгааг ахиулах төлөвтэй байна гэж Гошоүра цэрдийн галавын музей болон Фүкүи мужийн Үлэг гүрвэлийн музейгээс мэдэгдсэн байна.


Үлэг гүрвэлийн музейн судлаачийн хэлснээр, эл олдвор нь Тиранозаврид овгийн шинэ төрөл зүйлд хамаарах бөгөөд биеийн уртыг нь ойролцоогоор найман метр гэж таамаглаж байна. Чулуужсан ясыг 2014 онд анх илрүүлжээ. Үүнийг Японоос олдсон махан идэшт үлэг гүрвэлийн хамгийн том эрүүний яс гэж мэргэжилтнүүд үзэж байна.


Өмнө нь олдсон чулуужсан олдворуудтой харьцуулахад хожуу үед үүссэн давхаргаас олдсон. Энэ нь Азид ховор тохиолдол юм” гэж Гошоүра музейн эрхлэгч Хироми Курошү ярилаа. Уг олдворыг Японы баруун өмнөд хэсэгт орших музейг ирэх гуравдугаар сард шинэчлэгдэн нээгдсэнийх нь дараа дэлгэн үзүүлэх ажээ.


Тиранозавридын төрөл зүйлүүд нь 83-66 сая жилийн тэртээ одоогийн Хойд Америк, Ази тивийн нутгаар амьдарч байсан, 5 метрээс 10 гаруй метр урт том биетэй, махан идэшт үлэг гүрвэлүүд юм гэж музейгээс мэдээлэв. Өмнө нь Японы баруун өмнөд нутгийн Нагасаки зэрэг мужаас ийм төрлийн үлэг гүрвэлийн чулуужсан шүд олдож байжээ.

Related news