Т.Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж Сингапурыг хөрш орнууд нь шүүмжлэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Jargal.d@montsame.mn
2024-03-06 13:22:35

СИНГАПУР, 2024 оны гуравдугаар сарын 6 /CNN/. "The Eras Tour" аялан тоглолтынхоо хүрээнд Өмнөд Азид хийх тоглолтыг зохион байгуулах цорын ганц газар болохын тулд Америкийн дуучин Тейлор Свифттэй онцгой гэрээ байгуулсан гэж хөрш орнууд нь Сингапурын засгийн газрыг шүүмжилсэн байна.


Онцгой гэрээ хэлцэл байгуулна гэдэг бол "сайн хөршүүдийн хийдэг зүйл биш" гэж Филиппиний төлөөлөгчдийн танхимын гишүүн Жои Салседа мэдэгджээ. 


Харин Ерөнхий сайд Ли Сянь шүүмжлэлийн хариуд мэдэгдэхдээ, супер одтой гэрээ байгуулснаар Сингапурын хувьд хөршүүддээ "найрсаг бус" хандсан зүйл байхгүй гэжээ. “Түүнд тодорхой урамшуулал олгож, тохиролцоонд хүрсэн. Энэ бол маш амжилттай гэрээ болсон. Би үүнийг нөхөрсөг бус байдлын илрэл гэж үзэхгүй байна" гэж тэрбээр хэлсэн байна.


Сингапурын албаны хүмүүс Свифтэд буцалтгүй санхүүжилт санал болгосныг хүлээн зөвшөөрсөн бол Соёлын сайд Эдвард Тонг "санхүүжилтийн хэмжээ гадуур яригдаж байгаа шиг өндөр биш" гэж мэдэгджээ. 


Сингапурын эрх баригчид Т.Свифтэд 3 сая доллар төлж байгаа гэж Тайландын Ерөнхий сайд Сретта Тависин өнгөрсөн сард мэдэгдсэн байна.


"The Eras Tour" нь Америкийн дуучны зургаа дахь аялан тоглолт юм. Энэ аялан тоглолт 2023 оны 3 дугаар сарын 17-нд Аризона муж улсаас эхэлсэн бөгөөд 2024 оны 12 дугаар сарын 8-нд Канадын Ванкуверт дуусна.




Related news