Сар, Дэлхий хоёрын хооронд холбоо тогтоох хиймэл дагуул хөөргөжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-03-20 17:51:07

БЭЭЖИН, 2024 оны гуравдугаар сарын 20 /CGTN/. Хятад улсад зохион бүтээсэн сарны холбооны хоёр дахь хиймэл дагуул болох “Кэчяо 2”-ыг өнөөдөр Вэньчан сансрын хөлгийн буудлаас Чанжэн-8 зөөгч пуужингаар хөөргөлөө. 


Уг хиймэл дагуулыг Сар, Дэлхий хооронд харилцаа холбооны сүлжээг өргөжүүлэх, “Чанъэ 4, 6, 7, 8” аппаратуудтай холбоо тогтооход ашиглах ажээ.


Пуужинг хөөргөснөөс хойш 40 минутын дараа хөөргөлт амжилттай болсон тухай Хятадын Үндэсний сансар судлалын газар (CNSA) мэдээлсэн байна. Хиймэл дагуулыг 200 км х 420,000 км хэмжээтэй зууван тойрог замд гаргажээ. Улмаар Сарны татах хүчний үйлчлэлд орсны дараа 55 хэмийн налуу, ойролцоогоор 7000 км өндөрт Сарны тойрог замд оруулах юм.


Энэ тойрог зам нь Сарны өмнөд туйлд буулгахаар төлөвлөж буй "Чанъэ-6" аппараттай холбоо тогтооход хамгийн тохиромжтой зай ажээ. Уг аппаратыг тавдугаар сард хөөргөх бөгөөд Сарны өмнөд туйлаас дээж авчрах анхны оролдлого юм. “Чанъэ 6”-гийн даалгавар дууссаны дараа “Кэчяо 2”-ын тойрог замд тохируулга хийж, 2026, 2028 онуудад хөөргөх "Чанъэ-7", "Чанъэ-8"  аппаратуудтай холбоо тогтооход ашиглана.


“Кэчяо 2” хиймэл дагуул нь 1200 кг жинтэй бөгөөд 4 м-ийн голчтой антеннаар тоноглогдсон байна. Сарыг судлах хөтөлбөрийн аппаратуудтай холбоо тогтоохдоо уг хиймэл дагуул X болон UHF зурвасыг, харин Дэлхийтэй холбогдохдоо S ба Ka диапазоныг ашиглах ажээ. 


“Чанжэн-8” пуужингаар мөн " Тианду-1” ба “Тианду-2” гэсэн хоёр хиймэл дагуулыг Сарны хиймэл дагуулуудын сүлжээ байгуулах зорилгоор хөөргөжээ. Уг сүлжээг Саран дээр харилцаа холбоо, навигацийн үйлчилгээг бий болгоход ашиглах бөгөөд “Кэчяо” хиймэл дагуулын сүлжээ гэж нэрлэх ажээ. Тианду-1 нь 61 кг жинтэй бөгөөд Ka-диапазоны хоёр антенн, лазерын гэрэл цацруулагч болон харилцаа холбооны бусад төхөөрөмж зэрэг хэд хэдэн туршилтын ачааг тээж яваа юм. Харин "Тианду-2" нь ердөө 15 кг жинтэй бөгөөд зөвхөн харилцаа холбооны туршилт хийх зориулалттай.





Related news