ӨВӨРХАНГАЙ: Баянтээгийн уурхайг түшиглэн 40 МВт-ын цахилгаан станц барина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2024-03-26 13:02:49

Арвайхээр, 2024 оны гуравдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутаг, Баянтээгийн нүүрсний уурхайг түшиглэн 40 МВт-ын цахилгаан станц барихаар ТЭЗҮ-г боловсруулаад байна.


Цахилгаан станцын ерөнхий үзүүлэлт нь жилд 128-148 мянган тн нүүрс ашиглан 7000 цаг ажиллаж, 280 сая кВт/ц цахилгаан үйлдвэрлэх, 110 кВ хүчдэлийг дамжуулах хүчин чадалтай байна. Уг станцыг ашиглалтад оруулснаар Баянхонгор, Өвөрхангай, Архангай зэрэг аймгийн төв, сум, суурин газрууд цахилгаан хангамжийн найдвартай эх үүсвэртэй болж, ЦДАШ-ын алдагдлыг бууруулан, хүчдэлийн түвшинг нэгдсэн сүлжээний дүрмийн зөвшөөрөгдөх “дээд” түвшин хүртэл нэмэгдүүлэх ач холбогдолтой юм.



Цахилгаан станцын нийт хөрөнгө оруулалт 87.7 сая ам доллар бөгөөд уурхайн хөрөнгө оруулалт, банкны зээлээр шийдвэрлэх, станцыг бүрэн ашиглалтад оруулснаар 90 ажлын байрыг гаргах урьдчилсан тооцоололтой байна.


Баянтээгийн уурхайг түшиглэн цахилгаан станц барих асуудлыг урьд өмнө олон жил ярьж, 1999, 2003 онд ТЭЗҮ боловсруулж байжээ. 

Related news