Халдлага үйлдэгчид Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болохыг нотолсон гэж мэдэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-03-29 09:40:02

МОСКВА, 2024 оны гуравдугаар сарын 28 /TASS/. "Крокус сити холл”-д халдлага үйлдсэн этгээдүүд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой болох нь мөрдөн байцаалтын явцад тогтоогдсон гэж ОХУ-ын Мөрдөн байцаах хорооны хэвлэлийн алба мэдээлэв. 


"Баривчлагдсан террористуудыг байцааж, тэднээс хураан авсан техник төхөөрөмжүүдийг шалгаж, санхүүгийн гүйлгээний талаарх мэдээлэлд дүн шинжилгээ хийснээр тэд Украины үндсэрхэг үзэлтнүүдтэй холбоотой гэдгийг нотлох баримтуудыг бүрдүүлсэн" гэж мэдэгдэлд дурджээ.


Террористуудын үйлдэл урьдаас төлөвлөгдсөн, мөн гэмт хэргийг зохион байгуулагчид нарийн төлөвлөж, санхүүгийн дэмжлэг үзүүлсэн болохыг мөрдөн шалгалтын эхний дүгнэлт бүрэн баталж байна гэж Мөрдөн байцаах хороо мэдэгджээ. Халдлага үйлдсэн этгээдүүд Украинаас их хэмжээний мөнгө, криптовалют хүлээн авч, гэмт хэрэгт бэлтгэхдээ ашигласан нь мөрдөн байцаалтын явцад батлагдсан байна. 


Хамгийн сүүлийн мэдээллээр, өнгөрсөн долоо хоногийн баасан гаргийн орой болсон халдлагын улмаас амиа алдсан хүний тоо 143-т хүрсэн байна. 

Related news