Хиймэл оюуныг ашиглан хорт хавдартай эмэгтэйчүүдийн хүслийг биелүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
b.adiyakhuu@montsame.gov.mn
2024-04-02 17:06:26

Уэльс, 2024 оны 4 дүгээр сарын 3 /BBC/. Эдгэршгүй өвчинтэй тэмцэж  буй хэн бүхэн ирээдүйд гэр бүлтэйгээ өнгөрүүлэх аз жаргалтай мөчүүдээ мэдэрч чадалгүй алдах вий гэсэн айдас гунигийг үргэлж тээж байдаг.

 

Тэдний энэ зовлонг бага ч атугай нимгэлэхийн тулд нэрт гэрэл зурагчин Жиллиан Эдельштейн хиймэл оюун ухааныг ашиглан бүтээсэн гэрэл зургуудаа Лондон хотын Саатчи галерейд толилуулж байна.

 

Эдгээр гэрэл зургийн дотор Монмутшир мужийн Калдикот хотын иргэн Луиза Хадсоны зураг бий. Тэрбээр хоёрдогч хөхний хавдар туссан бөгөөд хавдар нь бусад эрхтэнд тархаж, эмчилгээ хийлгэж байгаа боловч бүрэн эдгэрэх боломжгүйд хүрчээ.  Өдгөө 58 настай тэрбээр анх 2022 оны долдугаар сард хөхний хорт хавдартай гэдгээ мэдэх үед хавдар хэдийн элгэнд нь хүрч тархсан байв. 2 дугаар сард дүрс оношилгооны MRI аппаратаар үзүүлэхэд түүний тархинд мөн гэмтэл илэрсэн бөгөөд түүнд зургаан сарын нас үлдсэн гэдгийг эмч хэлжээ.

Үзэсгэлэнд тавьсан Луизагийн гэрэл зурагт тэрбээр 60 насныхаа ойг өөрийн бүжиглэдэг байсан "Челси балет" бүжгийн хамтлагийнхантайгаа хамт тэмдэглэж байх бөгөөд энэ мөчид 30 жил ханилсан эр нөхөр Барри нь түүнийг бахдан харж зогсоно.

 

Ливерпүүл хотод амьдардаг 31 настай Кэтигийн гэрэл зурагт тэрбээр Лиам гэдэг найз залуутайгаа 2025 онд хуримаа хийж байгааг үзүүлжээ. Түүний мөр байнга өвддөг байсан тул эмчид хандахад “хөхний хоёрдогч хорт хавдартай” гэж оношилжээ. Одоо тэрбээр хавдрыг цааш тархаахгүйн тулд төрөл бүрийн эмчилгээ хийлгэсээр байна.

 

Оге Онвуачү гэдэг эмэгтэйг гэрэл зурагт 2025 онд болох хүүгийнхээ сургууль төгссөний баярт оролцож, ийм мундаг хүүхдүүдтэйгээ хамт байгаа болохоор тэднээрээ бахархахаас аргагүй хэмээн өгүүлж буйг дүрсэлжээ. Тэрбээр Их Британийн Кент мужийн Чатам хотод багшаар ажилладаг бөгөөд 2019 оны хоёрдугаар сард түүний бие дээр овгор зүйл гарсныг илрүүлж 10 сарын дараа эмчид дахин хандахад түүний хорт хавдар аль хэдийн тархсан байв.


 Өдгөө 46 настай Бек Браун 2028 онд хүүхдүүдийнхээ хамт 50 насны ойгоо тэмдэглэж буй тэр мөчийг хиймэл оюун ухааныг ашиглан гэрэл зурагт буулгажээ.  

 

Тэрбээр хүүхдээ хөхүүлж байхдаа хорт хавдрын анхны шинж тэмдэг байгааг анзаарсан бөгөөд 2021 онд хөхний хорт хавдартай гэж оношлогджээ. Есөн сарын турш химийн эмчилгээ, туяа эмчилгээ хийлгэж, мастектомийн мэс засал хийлгэсэн ч хавдар нь аль хэдийнээ ясанд нь тархсан байв. "Би хорт хавдартай байж болно, гэхдээ би амьдралынхаа хором мөч бүрийг биеэрээ мэдэрч байна" гэж бүсгүй ярьж байна.

 

Breast Cancer Now гэдэг буяны байгууллагын ажилтан Саймон Винсент хэлэхдээ, энэхүү гэрэл зургийн үзэсгэлэн нь хөхний хоёрдогч хорт хавдраар шаналж буй 61 мянга орчим британи эмэгтэйн төлөө илүү өргөн хэмжээний судалгаа хийх хэрэгтэйг онцлон таниулна гэлээ.


Кэти Энелл хуримынхаа үеэр 

 

Бек Браун хүүхдүүдтэйгээ бүжиглэж байгаа нь 

 

 

 Э.Мягмарсүрэн

 

 

Related news