"МЮ"-гийн хөгжөөн дэмжигч Монголоос Англи хүртэл дугуйгаар аялжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2024-04-22 15:03:19

ЛОНДОН, 2024 оны дөрөвдүгээр сарын 22 /tribuna.com/. Английн хөл бөмбөгийн цомын тэмцээний хагас шигшээ тоглолтод “Манчестер Юнайтед” баг “Ковентри Сити”-г торгуулийн цохилтоор буулган авч, тус тэмцээний финалд шалгарлаа. 


Ням гарагт болсон энэхүү тоглолт нь “Улаан чөтгөрүүд”-ийн үнэнч хөгжөөн дэмжигч Монголоос ирсэн Батболдын Очирваанийн хувьд онцгой тоглолт байлаа.


Хөгжөөн дэмждэг багийнхаа тоглолтыг үзэх насан туршийн мөрөөдлөө биелүүлэхийн тулд эх орноосоо Англи хүртэл унадаг дугуйгаар аялахыг зорьж буй МЮ-гийн хөгжөөн дэмжигч Монголын иргэн Б.Очирваанийн тухай нийтлэл “Манчестер Юнайтед” клубийн албан ёсны цахим хуудсанд 2023 оны зургаадугаар сард нийтлэгдэж байсан юм. 


10 настайгаасаа эхлэн “Манчестер Юнайтед”-ийн шүтэн бишрэгч болсон тэрбээр 2023 оны тавдугаар сард аяллаа эхлүүлж, 12 дугаар сард Англид ирэхээр төлөвлөж байжээ. Гэвч виз авах зэрэг зарим хүндрэлийн улмаас аялал төлөвлөж байснаас нь хамаагүй удаан үргэлжилжээ.


Эцэст нь Их Британи дахь Монгол Улсын Элчин сайдын яамны тусламжаар Б.Очирваань Англид ирж, мөрөөдлөө биелүүлж чадлаа. Унадаг дугуйгаар 6900 км замыг туулж, 11 сар үргэлжилсэн аяллын эцэст тэрбээр “Манчестер Юнайтед”-ын тоглолтыг Уэмблид үзэж мөрөөдлөө биелүүллээ. 

Related news