Чип суулгуулсан өвчтөн бодлоороо ханз үсэг бичиж чаджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-04-25 12:16:34

БЭЭЖИН, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /TASS/. Тархиндаа чип суулгуулсан 76 настай саа өвчтэй эрэгтэй 8 ханз үсгийг бичиж чадсан тухай Жэжян их сургуулийн эрдэмтэд мэдэгджээ. Энэ тухай “Жунсиншэ” мэдээллийн цахим хуудсанд мэдээлсэн байна. 


Уг өвчтөн самбар дээр ханз үсэг бичихийн тулд бодлоороо робот гарыг удирдаж чаджээ. Эрдэмтдийн хэлснээр,  мэдрэлийн суулгац нь өвчтөний тархины дохиог тайлж, ханз үсэг бичих дохиог робот гарт дамжуулсан байна. Өвчтөний бичих гэж бодсон хятад үсгүүдийг мэдрэлийн суулгац 91 орчим хувийн нарийвчлалтайгаар таньжээ. Цагаан толгойн үсгээр бичихээс ялгаатай нь гэвэл, хятад ханзыг тархи-компьютерийн интерфейс ашиглан бичих нь илүү төвөгтэй байдаг ажээ. 


Энэхүү судалгаа нь ирээдүйд саа өвчний улмаас ярих, хөдлөх чадвараа алдсан хүмүүс гадаад ертөнцтэй дахин  холбоо тогтоох боломжийг олгоно гэдгийг Жэжян их сургуулийн эрдэмтэд онцоллоо.   


Ташрамд сонирхуулахад, Орос, Америкийн эрдэмтэд нугас нь гэмтсэний улмаас саажилттай болсон нэгэн өвчтөний тархи, нугасанд имплант суулгаснаар уг эрэгтэй алхаж чаддаг болсон тухай “Nature Medicine” сэтгүүлд мэдээлсэн байна. 



Related news