МУИС-ийн дэлхийн чансаа ирэх аравдугаар сард тодорхой болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
uranatuya@gmail.com
2024-04-25 17:21:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 25 /МОНЦАМЭ/. “Шинжлэх ухаан, технологийн шинэ сэргэлт: Судалгааны их сургууль” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр МУИС-ийн эрдэм шинжилгээ эрхэлсэн проректор Б.Баяртогтохтой ярилцлаа.

 

-МУИС Судалгааны их сургууль болохыг зорьж байгаа. Монгол Улсад дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх, боловсролын тогтолцоог төлөвшүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж ирсэн 80 гаруй жилийн түүхтэй анхны их сургууль судалгааны их сургууль болохыг зориод арваад жил болжээ. Судалгааны их сургууль болвол мэргэжил олгох сургалтын чиглэл нь өөрчлөгдөнө гэсэн үг үү?

-Их сургуулийн үйл ажиллагаа хэд хэдэн зүйл дээр төвлөрдөг. Үндсэн гол чиглэл нь мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх явдал. Мөн судалгааны үйл ажиллагаа. Аливаа их сургууль сургалтын, судалгааны, мэргэжлийн их сургууль зэрэг хэд хэдэн чиглэлээр гүнзгийрэн хөгждөг. Судалгааны их сургууль гэдэг бол их сургуулийн хувьд хөгжлийн дээд түвшин нь. МУИС өнгөрсөн 80 гаруй жилийн хугацаанд сургалт давамгайлж ирсэн бол долоо, найман жилийн өмнөөс хөгжлийн төлөвлөгөөгөө өөрчилж, шинээр тодорхойлоод судалгааны их сургууль болох зорилт тавьсан. Энэ бол сургалт явуулахгүй гэсэн үг биш юм. Харин судалгааны ажил нь тэргүүн зэрэгт тавигдаж, түүнийгээ дагаад ахисан түвшний сургалт явуулах, мөн мэргэжил эзэмшүүлэх бүх түвшний сургалтууд илүү өндөр чанартай болно гэсэн  үг.


-Сургалт давамгайлж ирсэн МУИС-ийн тухайд судалгааны их сургууль болох нөөц бололцоо хэр бүрдсэн байдаг юм бол?

-Монгол Улсын их сургууль 1942 онд байгуулагдсан. Сургалт явуулахын зэрэгцээ судалгаа хийдэг, сургалт судалгааны нэгдлийн байгууллага. Нэг ёсондоо манай сургууль бол судалгаа явуулж, шинэ мэдлэг бүтээж, дэлхийн мэдлэгийн санд хувь нэмрээ оруулсаар байна. Их сургууль байгуулагдсаны дараа жил буюу 1943 онд тухайн үеийн багш нар эрдэм шинжилгээний экспедиц байгуулан анхны судалгаагаа хийсэн байдаг. Тэр судалгааныхаа үр дүнг эмхтгээд 1944 онд анхны эрдэм шинжилгээний хурлаа хийж байсан түүхтэй. 80 жилийн тэртээ манай эрдэмтэн багш нар МУИС төдийгүй Монгол Улсдаа анх удаа орчин үеийн шинжлэх ухаан судлалын томоохон хурал хийж байсан байна. Тэр хурлаар хэлэлцүүлсэн илтгэлүүдийг 1946 онд эмхтгэн хэвлүүлсэн нь мөн л Монголын орчин цагийн хамгийн түүхэн дэх шинжлэх ухааны асуудлаар гаргасан анхны бүтээл болж үлдсэн байдаг юм. Зөвхөн эндээс харахад л судалгааны их сургууль болох сууриа эртнээс тавьсан, судалгаа шинжилгээний түүх бидэнд арвин байна гэж хэлж болно.


-Судалгааны их сургууль болсноороо сургалт сайжирдаг сайн жишиг бий юу?

-Дэлхийн өндөр чансаатай сургуулиудын туршилга дээр батлагдсан жишиг л дээ. Тэр л жишгээр бид хөгжихийг зориод байгаа юм. Энэ ч утгаараа “Шинжлэх ухаан технологийн сэргэлт" сэдвийн хүрээнд дэлхийн шилдэг сургуулиудын нэр хүндтэй эрдэмтэн судлаачдыг урьж оролцуулсан эрдэм шинжилгээний томоохон хурал зохион байгууллаа. Гадны том сургуулиудын арга туршилгыг хөгжлийнхөө цаашдын чиг хандлагад нийцүүлэн тусгахыг зорьж буй нэг хэлбэр нь энэ. Дэлхийн жишигт хүрсэн сургуулиудын туулсан бэрхшээл, түүнийгээ давж хөгжсөн туршилгаас бид санаа авч их сургуулийнхаа чансааг ахиулж байх учиртай.


-Танай сургууль олон улсын судалгааны байгууллагаар чансаа тогтоолгож байгаа. Үнэлгээ дүгнэлт нь хэдүйгээр тодорхой болох вэ?

-МУИС бол судалгааны их сургуулийн түвшинд хүрсэн. Энэ дүгнэлтийг бид зөвхөн өөрсдөө хийгээгүй, их сургуулиудын чансаа тогтоодог олон улсын судалгааны байгууллагуудын үнэлгээгээр ч ийм байна. Үүнийгээ үндэслээд 2024 онд их сургуулиудын чансаа тогтоодог олон улсын байгууллагаар үнэлгээ хийлгэж байна. Энэ үнэлгээний дүн ирэх аравдугаар сард гарч, МУИС дэлхийд ямар чансаатай гэдэг нь тодорхой болох юм.


-Их сургуулиудын олон улс дахь нэр хүнд, чансааг илэрхийлдэг хамгийн чухал үзүүлэлт болох олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд хэвлүүлсэн бүтээл ба түүнээс судлаачид эш татсан байдал зэргээр МУИС улсдаа тэргүүлдэг. Хэчнээн өгүүлэл бүтээл олон улсын том сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байдаг вэ?

-Чансаа тогтооход хоёр зүйлийг анхаардаг. Нэгдүгээрт, их сургуулийн багш судлаачдын олон улсын мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж байгаа бүтээл өгүүллүүдийн тоо, тэдгээрээс гадаадын судлаачдын эш татсан байдлыг харгалздаг. Хоёрдугаарт их сургуулийн багш эрдэмтдийн бий болгосон инновацын үр дүн буюу судалгааны ажил нь үйлдвэрлэлд нэвтэрсэн байдал, бизнесийн эргэлтэд орсон эсэхийг нь үнэлдэг. Манай сургууль түүхийнхээ хугацаанд 1730 гаруй эрдэм шинжилгээний өгүүллийг өндөр түвшний сэтгүүлүүдэд хэвлүүлсэн байна. Тэдгээр нь нийтдээ 21,500 гаруй удаа эшлэгдсэн байдаг. Мөн  манай багш нар 50 гаруй патент эзэмшиж байна. Зургаан лицензийн гэрээ хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн байна.  Их сургуулийн дэргэд таван гарааны компани ажиллаж байгаа. Түүнчлэн өнгөрсөн онд л гэхэд дэргэдээ Шинжлэх ухаан технологийн парк байгуулсан. Энэ парк бол их сургуулийн багш судлаачдын боловсруулсан олон технологи, патент, лицензүүдийг бүтээгдэхүүн болгож үйлдвэрлэлд нэвтрүүлэх үүрэгтэй үйл ажиллагаа явуулж байна.  Технологийн чиглэлийн хэд хэдэн ажил дээр боловсруулалт хийж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Эмчилгээ, гоо сайхны зориулалттай бүтээгдэхүүнүүд хийсэн байна.  Туршилтын үйлдвэрлэл нь Шинжлэх ухаан технологийн паркт хийгдээд явж байна. Мөн энэд нэг зүйлийг онцлоход, манай багш судлаачид хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтраад анхны арилжааны хиймэл дагуулыг хөөргөх ажилд оролцсон.

 

-Эрдэмтэн багш нарын судалгааны ажлыг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд ямар саад бэрхшээл тулгардаг вэ?

-Багш судлаачдын боловсруулсан инновацын бүтээл бизнесийн эргэлтэд орохгүй байх хоёр шалтгаан байдаг. Эхнийх нь үйлдвэрлэл явуулахад эдийн засгийн үр ашиг нь хангалттай биш байх явдал. Үйлдвэрлэлийн зардал өндөртэй үйлдвэрлэлд бизнесийнхэн оролцохгүй. Дараагийн нэг асуудал нь технологи боловсруулах явц буюу лабораторийн боловсруулалт нь хэт урт удаан байх юм бол үйлдвэрлэл болон бизнесийн байгууллагатай хамтрахад их төвөгтэй болчихдог. Тэгэхээр эрдэмтэн судлаачид ч, бизнесийн байгууллагууд ч энэ асуудлыг шийдэх гарц гаргалгаа олж, хэрхэн үр ашигтай хамтран ажиллах тал дээр хаа хаанаа санаачилгатай, биесээ дэмжсэн байдлаар хөгжих хэрэгтэй юм гэж бодож явдаг. Ингэж хамтран ажиллаж байж шинжлэх ухаан, бизнес үйлдвэрлэл харилцан ашигтайгаар хөгжинө гэж төсөөлж байна.


-Шинжлэх ухааны аливаа бүтээлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд санхүүжилтийн асуудал маш чухал. Энэ асуудлыг хэрхэн шийддэг вэ?

-Судалгааны ажлын санхүүжилт хэд хэдэн эх үүсвэрээс бүрддэг. Жилдээ 1 тэрбум орчим төгрөгийг өндөр түвшний судалгаанд зарцуулдаг. Технологи боловсруулах буюу инновацын төслийн зардлыг дотоодын эх үүсвэрээсээ гаргаж байна. Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны дэргэдэх Шинжлэх ухаан технологийн сан бидний шинжлэх ухааны бүтээл боловсруулах үйл ажиллагааг тодорхой журмын дагуу санхүүжүүлдэг.  Үүний зэрэгцээ олон улсын байгууллагууд болон дотоодын аж ахуйн нэгж байгууллагатай хамтарч судалгааны төслүүд хэрэгжүүлдэг. МУИС гадаадын 150 гаруй их сургуультай хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ гэрээний хүрээнд дотоод гадаадад маш олон төслүүд хэрэгжүүлж ажиллаж байна.

 

 

Related news