Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Монгол генералын өдөр”-ийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenebat@montsame.mn
2024-04-28 12:03:06

Улаанбаатар, 2024 оны дөрөвдүгээр сарын 28 /МОНЦАМЭ/. Монгол Улсад цэргийн дээд генерал цол олгож эхэлсний түүхт 80 жилийн ой өнөөдөр тохиож байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх энэ өдрийг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ.

 

“Монгол генералын өдөр” бол үндэсний сэхээтний шилдэг хэсэг, манлайлагчид байсаар ирсэн цэргийн дээд цолтнуудынхаа үйл хэрэг, алдар гавьяаг хойч үедээ алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн хэргийн өргөн мэдлэг, амьдралын баялаг туршлагыг нь түгээн дэлгэрүүлэх чухал ач холбогдолтойг тэмдэглэв.

 

1990-ээд оны нийгмийн шинэчлэлийн ээдрээтэй цаг үед улсыг батлан хамгаалах, нийгмийг аюулаас хамгаалах салбарыг шинэчлэн байгуулж, ардчилсан тогтолцооны бие даасан төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудыг бэхжүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулсан генералуудад талархал илэрхийлэв.

 

Генералууд өргөсөн тангарагтаа үнэнчээр хүчин зүтгэж, албаа нэр төртэй хаан, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагааг удирдан зохион байгуулах үндсэн хүч болж байгааг онцоллоо.


НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны цэргийн хүчний командлагчаар монгол генерал анх удаа томилогдсон нь монгол цэрэг дэлхийн цэрэг болсны нэг тод жишээ гэдгийг хэлэв.


 

Мөн Орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 101 жилийн ойгоор анхны эмэгтэй генерал төрсөн нь Зэвсэгт хүчний хөгжлийн шинэ чиг хандлага, үндэсний аюулгүй байдлыг хангах үйл хэрэгт хүчин зүтгэж буй эмэгтэй алба хаагчдын хөдөлмөр, зүтгэлийг монгол төр өндрөөр үнэлж байгаагийн илэрхийлэл гэдгийг тэмдэглэв.

 

Офицер хүн, тэр дундаа генералууд амжилтыг цэрэгтээ, алдааг өөртөө үүрч явдаг манлайлагч, сурган хүмүүжүүлэгч байдгийг санаж, хойч үеэ бэлтгэх, тэднийг бүх талаар үлгэрлэн дагуулахад онцгой анхаарч ажиллах учиртайг захилаа.

 

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах үйл хэргийн манлай болсон генералуудад болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.


 

 

Related news