Б.ОЮУН: Мод суулгаад орхих бус арчилгаа, хамгаалалт маш чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-05-08 11:54:34

Дархан, 2024 оны тавдугаар сарын 8 /МОНЦАМЭ/. Жил бүрийн тав, аравдугаар сард бүх нийтээр мод тарьж байгаль дэлхийгээ сэргээх их үйлсэд улс, орон даяар нэгддэг. “Тэрбум мод” хөдөлгөөн, “Ногоон Дархан-2032” хөтөлбөрийн хүрээнд 20 сая мод тарих зорилт дэвшүүлсэн Дархан-Уул аймгийн иргэд хашаандаа мод тарьж байна.


Тэдний төлөөлөл Дархан сумын хоёрдугаар багийн иргэн Г.Ганзориг, Б.Оюун нарын гэр бүл юм. Хашаандаа 10 төрлийн мод тарьж, элсэрхэг хөрстэй Ширээ нуруу орчмын нэгээхэн хэсэгт өөрсдийн хувь нэмрээ оруулан мод тарьж, бусдадаа үлгэр дуурайлал болж байна.


Мод тарих нь хамгийн зөв үйлдэл хэмээн анх жимсний мод тарьж эхэлсэн Б.Оюунтай ярилцлаа.



 

-Салхитай, шороо шуурсан өдөр байна. Танай хашаан дахь сүүдрэвчийн орчим их сайхан юм аа.

-Баярлалаа. Анх мод тарих гэж их л хөглөж байлаа. Тарьсан мод маань ургаад сүүдэрт нь хүүхдүүд тоглоод, салхинд моддын исгэрэх чимээ сонсоод суух сайхан байдаг.

 


-Хэд хоногийн өмнө танай хүүхдийн сургууль дээр явж байгаад хашаандаа мод тарьсан хүүхэд байна уу гэхэд, манайх гэж цангинасан дуугаар хэлсэн сэргэлэн охины аав, ээжийнх нь тарьсан модыг сонирхохоор багшаас нь зөвшөөрөл аваад хүрэлцэн ирлээ.

-Манай хүүхэд их сэргэлэн, ангийнхаа, сургуулийнхаа аливаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцох гээд өөрийгөө дайчилдаг. 


 

-Мэнд мэдэж орж ирснээс танилцаж амжаагүй модны тухай яриа эхэлжээ. Өөрийгөө болон гэр бүлээ танилцуулаач та.

-Намайг Б.Оюун, нөхрийг маань Г.Ганзориг гэдэг. Бид 2007 онд гэр бүл болсон. Бусдын л адил хөдөлмөрлөж, хашаандаа сайхан амьдарч буй залуу гэр бүлийн төлөөлөл.

 

-Анх ямар мод тарьж байсан бэ?

-2012 онд анх мод тарьж эхэлсэн. Залгаа хашаагаа худалдаж аваад мод тарьж сайхан орчин бүрдүүлье гэж шийдээд 50 гаруй үхрийн нүд тарьсан.

Мод маань ч сайхан ургаж, жимсээ өгч байсан. Гэтэл нэг жил жимсээ өгөөгүй. Хүмүүсээс асууж тодруулаад зөвлөгөө авсан чинь бүгдийг нь салгаад дахин суулга гэдэг зааврын дагуу хийж 150 мод болгосон чинь бүгд үхчихсэн.

Туршлагагүй, аргачлал, зааврыг нь мэдэхгүй болохоороо жимсний моднууд эргэж сэргээгүй.




-Их туршлага болсон байх тухайн үед. Одоо танай хашаанд хэдэн төрлийн ямар, ямар мод байна вэ?

-Мэдээж, их туршлага болж үлдсэн дээ. Манай хашаанд чацаргана, нарс, шинэс, гацуур, монос зэрэг 12 төрлийн мод бий.

 

-Мод хэрхэн тарих, ургуулах сургалтад хамрагдаж байсан уу?

-Олон жилийн өмнө нэг сургалтад сууж байсан. Тэр цагаас хойш мод тарих талаар бодож явсаар их л хожуу тарьж эхэлсэн дээ. Хүн зорьсноо биелүүлэхийн төлөө хичээх юм бол болохгүй, бүтэхгүй зүйл гэж байдаггүй. Бидний амьдардаг газар элсэрхэг хөрстэй. Цөлжилтийг сааруулах, Дархан хотоо ногоон болгох, "Тэрбум мод" хөдөлгөөнд нэгдэж, манай гэр бүл хувь нэмрээ оруулж буйдаа баяртай байдаг.




-Мод тарьж, ургуулахад юуг илүү анхаарах вэ?

-Хүн бүр нүх ухаад бэлэн суулгац хийж чадна. Түүнийгээ мод тарьсан гэж нэрийдэх нь арай өрөөсгөл байх. Хэрэв бид нүх ухаж суулгаснаа мод тарьсан гэж хэлээд байвал ой дунд амьдрах цаг болсон.

Арчлалт, хамгаалалт маш чухал. Мөн тухайн хөрсний онцлогт тохирсон бордоо хийх хэрэгтэй. Үүний дараагаар хашаажуулж, мал, амьтнаас сэргийлэх нь ургалтад эергээр нөлөөлнө.

Хүч, хөдөлмөрөө зориулж тарьж л байгаа бол нүх ухаад суулгац хийгээд орхих бус амьдрах нөхцөлийг нь бүрдүүлэх хэрэгтэй. Бид тэгж байж л цөлжилттэй тэмцэнэ шүү дээ.




-Бортоготой суулгац байна. Модны үрсэлгээ хийж худалдан борлуулдаг уу?

-Энэ бортоготой суулгацыг Улаанбаатар хотоос манай ах явуулсан. Мод үржүүлгийн газартай, түүнийхээ борлуулалтыг Дархан хотод хийх үүрэг надад өгсөн. Ширээ нурууныхаа айл өрхүүдэд сурталчлаад л байж байна. 




-Таныг цахим орчинд идэвхтэй гэж сонссон.

-Ширээ нурууныхан гэсэн фэйсбүүк группийн админ хийдэг. Түүгээр дамжуулж мод тарих ач тус, элсний нүүдлийг сааруулахад бидний оролцоо чухал гэдгийг их сурталчилдаг. Хашаандаа сайхан амьдаръя гэсэн уриатай фэйсбүүк группээрээ дамжуулж ногоон орчин бүрдүүлэхийн төлөө зорьж байна.

Өнгөрсөн жил 400 орчим суулгац авчирч борлуулсан. Сүүлийн үед хүмүүс мод тарих сонирхолтой болж, хашаандаа төрөл бүрийн мод ургуулж байна.


 

-Таны цаашдын зорилго?

-Манайх адуутай, урин цагт айраг, саам гаргадаг болохоор түүнийгээ түшиглэн хүн хүлээн авах санаатай. Хашаандаа зуслангийн зориулалттай хэдэн шовгор байшин барьж, түүнийгээ тойруулж ногоон орчин бүрдүүлж, зориод ирсэн хүн бүрд нээлттэй сайхан үйлчлэх зорилготой.

Удахгүй биеллээ олж, дэлгэр цагт манайд ирж гүүний саам, айраг ууж бидний байгуулсан ногоон төгөлд тухалж, саатахыг харах юмсан гэж төлөвлөж байна.

 

-Баярлалаа удахгүй таны зорилго биеллээ олох тэр мөчид эргэн уулзъя.

-Та бүхэнд баярлалаа. Ажлын амжилт хүсье.



Related news