Өвөрмонголчуудын мал аж ахуй технологи, шинжлэх ухаан дээр суурилж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ /Шилийн
гол аймгаар аялсан тэмдэглэл/
Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Монгол-Хятадын хамтарсан хэвлэл мэдээллийн баг ээлжит сурвалжлагаараа Шилийн гол аймгийн Баруун үзэмчин хошууны залуу малчин Омогшилын хотонд зочилно гэдэг мэдээ надад сайхан санагдав.
Би хөдөө өсөөгүй. Гэвч миний тархинд, мэдрэмжид нүүдэлчин өвөг дээдсийн минь зан заншил, амьдрах хэв маяг, байгалиа таних, шүтэх, тал дүүрэн бэлчих таван хошуу малаа хайрлах, хамгаалах, цаашлаад 250-300 төрлийн ургамлын шимээр хооллодог дэлхийд “оргинал”-аараа гайхагдаж, өдөр ирэх бүрд үнэ цэн нь өсөж буй уламжлалт мал аж ахуйг дэлхийд сурталчлан таниулахад дорвитой ажил хийгээсэй гэж битүүхэндээ хүсдэг хүний нэг. Чухамдаа энэ л Монгол орны бас нэгэн ондоошил билээ. “За, харьцуулъя. Монгол малчдаас юугаараа өөр байна. Ямар давуу болон сул тал байна. Авч хэрэгжүүлэх санаа байвал сайтар тэмдэглээд зун очиж амардаг малчин найздаа, дүүдээ хэрэгжүүлж үзээрэй гэж хэлж өгье” гэх бодол өвөрлөнө.
ХХI зууны малчдын хэв маяг, тэр дундаа Өвөрмонголын малчдын хэв маяг эрхгүй сонирхол татна. Суурин газраас багагүй зайд томхон сууц, малын хашаа байх. Эргэн тойрны бүх зүйл нь цэмцийж байсан нь аргаүй л эрч хүчтэй залуу улс гэдгийг илтгэнэ. Гэрт ороод танилцлаа. Залуу хосууд хоёр улс дамнан суралцсан чамгүй өндөр боловсролтой хүмүүс байх аж. Малчин хүн боловсрол тааруу байдаг гэсэн хуучин сэтгэлгээг халах цаг нэгэнт ирсэн санж. Тэднийг Б.Омогшил, О.Алтанзураг гэдэг. Тэд эхлээд Хөх хотод хэл, утга зохиолын чиглэлээр дээд боловсрол эзэмшин төгсөөд, дараа нь хамтдаа ОХУ-ын Санкт-Петербургийн их сургуулийг дээрх мэргэжлээрээ гүнзгийрүүлж сурсан өндөр мэдлэгтэй хүмүүс байв. Дөнгөж 30 настай гэхэд богино хугацаанд олон зүйл амжуулсан мэт. “Ингэж их сурч мэдэж, олон орноор аялж, юм үзэж, нүд тайлчихаад яагаад заавал малчин болов” гэсэн асуулт тэднийд очсон сэтгүүлч бүрийн дотор нуугдаж буй нь илт. Гэвч тэдний яриаг сонсоод дүгнэлт хийж суухдаа дээрх асуултаа үгүйсгэлээ.
Хүүхэд ахуй цагаасаа хамт тоглож өссөн тэд хамтдаа эрдэм номын мөр хөөхөөр яваад хайр сэтгэлтэй болж, нэг гэрт дэр нэгтгэх болсон байна. Улмаар хамт аялж, зугаалж явахдаа эх нутгийнхаа үнэт нэг зүйл дээр санал нэгдэн төрсөн нутгаа зорин, ийн амьдрах болжээ. Өөр улсаар аялаад өөрийгөө танилаа гэдэг шиг бусад орноор аялахдаа өөрсдөд нь байгаа баялаг, боломж, ондоошлоо олж харсан гэх.
Хосууд нэгэн зүгт харж, нэг санаа бодолтой байж, мөрөөдлөө нэгтгэж чадвал яаж амьдарч болохыг яруу тодоор харуулж байгаа гэдгийг үг хэлээгүй байсан ч үйлдэл, хөдөлмөр зүтгэлээс нь үнэлж, харж болохоор. 2019 оноос мал маллахаар шийдэж хөдөөг зорьсон бөгөөд өнөөдөр шаггүй сайн малчид болжээ. Мал маллана, өсөж үржүүлнэ гэдэг чоно боохой гараад ирэх вий гээд дагаад явахын нэр биш аж. Судалгаа шинжилгээ, шинжлэх ухаанч хандлагаар техник технологийг зохих ёсоор хэрэглэн илүү их үр шим, өгөөж хүртэх их ухааны ажил гэнэ. Малч ухаан гэдэг магадгүй түмэн мэргэжлийн цуглуулга ч байж мэдэх. Тиймдээ ч тэдний сурч мэдсэн, харсан үзсэн нь их хэрэг болдог тухай ам уралдан ярих. Тэгж гэмээнэ цаг агаарын хүнд нөхцөл, байгалийн сорилтыг амжилттай давах тулгуур болдог гэнэ.
Б.Омогшил, О.Алтанзураг нар эх нутагтаа ирэхдээ “Отор Эко” гэр бүлийн фермийг үүсгэн байгуулж, үйлдвэрлэл, малын бүтцийг өөрчлөх, чанаржуулах, эдийн засгийн эргэлтэд оруулах, дулаан хашаа хороо барьж, худаг шуудуу татах зэргийг хамтын хүчээр хийж гүйцэтгэхээс гадна малчин хүний амь амжиргааг дээшлүүлж, жил бүр аялж, аз жаргалтай амьдралдаа дурсамж нэмэх холын хараа байсан гэдгийг ярьж сууна. 2019 онд сементаль үүлдрийн үхэр, ангус малыг гадаадаас авчирч, мал сүргийн бүтцийг өөрчлөн, чанаржуулах, эдийн засгийн эргэлтэд оруулан сайжруулж, мал аж ахуйн хөгжлийн шинэ гарц гаргаж, малчдад шинэ боломж таниулахыг зорин ажилласаар байна.
Шинэ үеийн малчид үнэхээр өөр болсны тод жишээ энэ. Хөдөөгийн залуу малчид тохь тухтай амьдрал, бизнес сэтгэлгээг хэрхэн бий болгосныг хараад хүндлэхгүй байхын аргагүй. Б.Омогшилынх 2000 гаруй га талбайд 50 гаруй сементаль үхэр, 100 гаруй хонь, 20 гаруй адуутай. Мал маллаад удаагүй байхдаа малынхаа ашиг шимийг хүртэж, сементаль үүлдрийн нэг тугалыг 20 мянган юаниар зарж борлуулсан нь цаашид мал маллах их урам зориг өгчээ. Тэдний жилийн орлого нэг сая юаниас дээш байдаг гэнэ. Гэрийн эзэн сургалтаар олж авсан малын эмч мэргэжлээ ашиглан малаа эмчилдэг, хоол тэжээлийг гарамгай тохируулан, тарга тэвээрэг авахуулдагаас гадна гэр бүлээрээ үе тэнгийнхээ залуу малчдад орчин үеийн эрчимжсэн мал аж ахуй эрхлэх арга технологио зааж сургасаар байна. Үсрэнгүй хөгжил гэдэг үг зөвхөн хот сууринд зориулагдсан үг биш юм. Хөдөөд мал маллаж, эрчимсэн мал аж ахуйг эдийн засгийн эргэлтэд оруулж яаж үсрэнгүй хөгжиж болдгийн үлгэр жишээ энэ буюу.
Шүүт гацаа бол тал газар. Тэр ч утгаараа хавар, өвлийн цагт салхи ихтэй, жиндүү байдаг. Гэвч Омогшилынх байгалийн үзэгдлийг ажрахгүй ээ. Хүний хөдөлмөр их зарцуулдаг зүйлсийг автоматжуулсан байх. Тэд малаа, ялангуяа тугал, хургаа дулаан байлгахын тулд нарны эрчим хүчийг ашигладаг шийдэл их онож. Харахад л их тухтай, ямар ч цасан шуургад ажрахгүй нь ороод зогсоход илт. Омогшилынх малаа 11 сараас эхлэн долоон сарын турш бэлчээрт гаргадаггүй, хашаалан тэжээдэг байна. Харин 6-11 сарын хооронд бэлчээрт эрх дураар нь орхидог гэх. Энэ хооронд залуу гэр бүлийн аялал эхэлнэ. Ийн олон орноор аялахдаа эрчимжсан мал аж ахуйн жишиг шинэ содон зүйлийг судалж, харж үзэж, хэрэгжүүлэх боломжтойг нь туршиж үзнэ. Б.Омогшил ярихдаа “Залуу хүн аялахгүй амьдрах утгагүй. Малчин боллоо гээд завгүй байна гэсэн үг биш. Эрчимжсэн мал аж ахуй бол өнөөгийн нийгэмд хамгийн зөв шийдэл гэдгийг үе тэнгийн малчдадаа хэлмээр байна. Манайх махны чиглэлээр хонь, үхрээ өсгөж, үржүүлдэг учраас сааль авдаггүй. Тиймээс зуны цагт бэлчээрт нь гаргадаг” гэв.
Харин О.Алтанзураг “Нөхрөө дагаж малчин болох шийдвэр
гаргах тийм амар байгаагүй. Утга зохиолд дуртай учраас энэ чиглэлээрээ ажиллах
хүсэлтэй байлаа. Нөхөртэйгөө удаан ярилцсаны эцэст шийдвэрээ гаргасан. Хэдийгээр сурсан мэргэжлээрээ ажиллаагүй
ч утга зохиолд чин сэтгэлээсээ хайртай. Зав гарвал ном унших дуртай. Залуусын
адил гадагшаа явж үзлээ. Хүний газар очихоор нутаг орноо их санадаг юм билээ.
Тэгээд л эцэст нь нутагтаа ирэхээр шийдсэн дээ” гэв.
Тэднийг эзгүйд хоршооны нөхөд малыг нь эргэж тойрдог аж. Ферм, хоршоо байгуулах гэдэг нь бие биедээ тус дэмтэй байхаас гадна нэгэн зэрэг нэг санаатай өөдлөн дэвжих дөт зам гэнэ. Орчин цагийн малчид хоршоолж ажиллахыг илүүд үзэх нь их болж. Нэг нэгээрээ булан тохойд бууж амьдрах биш ашиг шимээ хамтдаа ажил албаа хамтдаа гэсэн үзэл баримтлал олон талын дэмтэй. Яг энэ жишгээр малаа үржүүлж, ашиг шимийг нь аваад таван жил болж байгаа аж.
Харин Монгол оронд энэ жишиг дутаж байлаа. Тэгвэл Засгийн газраас хэрэгжүүлэн эхлүүлж байгаа “Шинэ хоршоо” төслийг би хувьдаа маш зөв санаачилга гэж дүгнэж байна. Учир нь нүдээр үзэж, чихээр сонссоны хувьд ферм, хоршоо байгуулах нь өнөөгийн малчдын хөгжлийн дөт гарц болох нь дамжиггүй.