БАЯНХОНГОР: Бөөнцагаан нуур орчмыг орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2024-05-13 12:56:50

Баянхонгор, 2024 оны тавдугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Баацагаан сумын Бөөнцагаан нуур орчмын 97014.58 га талбайг Байгалийн нөөц газрын ангиллаар 30 жилийн хугацаатайгаар орон нутгийн тусгай хамгаалалтад авлаа.


Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын "Монголын унаган байгалийн хүлцэл тогтворжилтыг хангах нь" төсөл, Баацагаан сумын Засаг даргын Тамгын газар хамтарсан санаачилгаар Баацагаан сумын ИТХ-ын хуралдаанаар хэлэлцэн дээрх шийдвэрийг гаргажээ.


Бөөнцагаан нуур Монгол орны хамгийн том талбайтай нууруудын эхний аравт ордог бөгөөд нуурын урт нь 24 км, өргөн нь 11 км, дундаж гүн нь 9.3 метр, хамгийн гүн цэгтээ 16 метр хүрдэг байна. 


Нуурын эрэг нь намхан элсэрхэг хөрстэй. Тус нуурт олон төрлийн шувууд хуран цугладгаараа онцлог. Олон улсын улаан номд орсон борцгор хотон, хошуу галуу, усны нөмрөг бүргэд, реликт цахлай, жороо тоодгой, азийн цууцил энд тогтмол үзэгдэнэ. Энэ нутаг Евразийн хээр ба цөлийн биомын шувуудыг тэтгэдэг байна. Монгол ногтруу хэдэн зуун мянгаараа сүрэглэн нисэхийг Бөөнцагаанд харж болно.


Бөөнцагаан нуур нь Баянхонгор аймаг дахь Нууруудын хөндийн хамгийн том, давст нуур. Хангайн нурууны өмнөд хажуугаас эх авч урсах Байдраг гол цутгах боловч гадагш гарах урсгалгүй. Нууруудын хөндий дэх бусад нууртай хамт (Таацын цагаан нуур, Адгийн цагаан нуур, Орог нууруудтай) Рамсарын конвенцод бүртгэгдсэн ус намгархаг газар юм. 


Сонирхуулахад, тус нуурыг алсаас харахад цагаан өнгөтэй харагддаг учраас Бөөнцагаан хэмээн нэрийдсэн түүхтэй юм байна.

Related news