Сувилагч та нараараа бахархъя

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2024-05-14 09:16:50

Улаанбаатар, 2024 оны тавдугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт 2023 оны байдлаар, 66 мянга гаруй эрүүл мэндийн ажилтан ажиллаж байгаагаас 14 мянга гаруй нь сувилагч нар байна.


Орчин үеийн цахимжсан энэ эрин үед робот, компьютер, техник, технологиор орлуулж үл болох мэргэжлийн нэг бол сувилагч мэргэжил юм. “Сувилагч танаараа бахархъя-2024” үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор гурав дахь жилдээ зохион байгууллаа.


 Баярын нь үеэр сувилагч нарын сэтгэгдлийг сонсов.


Монгол Улсын Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан, “Универсал мед” эмнэлгийн Сувилахуй албаны дарга Д.Дуламсүрэн: Сувилагч мэргэжлээр 43 дахь жилдээ ажиллаж байна. Сургуулиа төгсөөд Хавдар судлалын төвд ажиллаж байгаад 2022 онд тэтгэвэртээ гарсан. Түүнээс хойш хувийн хэвшилд ажиллаж байна. Мэргэжил бүр өөрийн үнэ цэн, онцлогтой. Сувилагч байна гэдэг сэтгэл зүйн бэлтгэл, тэвчээр шаардлагатай. Сувилагч мэргэжил бол орхиод, хаяад явж болдоггүй, буруу хийж болдоггүй. Сувилагч хүнд шударга, үнэн, үнэнч байх гэдэг хамгийн чухал. Дэлхийн аль ч улс орны сувилагч нарын хийж буй үйлдэл нэг стандарт, загвараар хийдэг онцлогтой.


Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Цөмийн оношилгоо, эмчилгээний төвийн сувилагч Б.Энхзаяа: Сувилагч мэргэжлээр 34 жил ажиллаж байна. Мэдээгүйжүүлэг, Эрчимт эмчилгээ, Яаралтай тусламжийн тасаг, Дурангийн төв, Төрийн ордон зэрэг газарт ажилласан. Сувилагч мэргэжил иргэдэд эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэхээс гадна хүмүүстэй сэтгэлээсээ харьцдаг. Хүнтэй сэтгэлээсээ харьцахгүй бол бидний мэргэжлийн онцлог гарч ирэхгүй. Тиймээс өвчтөнтэйгөө сэтгэлээсээ харьцаж, хүний эрүүл мэндийн төлөө ажилладаг сайхан мэргэжил л дээ.


Улсын Гуравдугаар төв эмнэлгийн Сувилахуйн ухааны албаны аргазүйч М.Лхагвамаа: Сувилагч мэргэжлээр найм дахь жилдээ ажиллаж байна. 2016 онд сургуулиа төгсөж байхад иргэдийн сувилагч мэргэжилд хандах хандлага тааруу байсан. Харин одоо сувилагч мэргэжлийн нэр хүнд өссөн. Зайлшгүй шаардлагатай мэргэжил учраас боловсрол, хүний нөөцийн түвшинд улам хөгжүүлж, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулбал алга болно. Сувилахуйн ангийн оюутнуудад улсаас сургалтын төлбөрийн хөнгөлөлт, кредит цагаа тодорхой түвшинд хүргэсэн оюутнууд хөнгөлөлт эдэлнэ. Мөн ажил олгогч байгууллагууд тэтгэлэг олгох, нутаг орноос дэмжиж ажиллах төсөл хэрэгжүүлдэг.


Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын Эрүүл мэндийн төвийн сувилагч У.Халиунаа: АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийг төгсөхөд нөхөр маань эмчээр ажиллах болоход нь дагаад явсан. Долоо дахь жилдээ сувилагчаар ажиллаж байна. Залуу хүмүүс болохоор хөдөө ажиллаж үзье гээд сонирхлоороо ажиллаж байгаа. Одоо тэндээ дассан. Улаанбаатар хот замын түгжрэлтэй учраас бухимдах нь их. Харин хөдөө орон нутагт бусад зүйлд сатаарахгүй, зөвхөн ажилдаа төвлөрч чаддаг. Сувилагчийн хувьд, хүмүүсээ эмчлээд гаргаж байгаа мэдрэмж хамгийн сайхан байдаг. Хүмүүс намайг зөөлөн гартай гэдэг. Тэр сувилагч хаана байна, зөөлөн гартай гэхээр нь урам ордог. Манай сум зам дагуу болохоор осол гэмтэл, аваар гарах нь их учраас ачаалал ихтэй. Хөдөөгийн сувилагчийн онцлог нь хөрвөх чадвар сайтай. Хүүхэд, өндөр настан, осол аваар гээд бүх чиглэлээр хөрвөж чаддаг. Хөдөө ажиллаж байсан гэхээр төвийн эмнэлэгт ажилд авах дуртай байдаг юм билээ.


Өвөрхангай аймгийн Эрүүл мэндийн газрын Сувилахуй хариуцсан мэргэжилтэн С.Энхцэцэг: 20 жилийн хугацаанд сувилагчаар ажиллаж байна. Анх дотор, арьсны килиник, эрчимт эмчилгээ, мэдээгүйжүүлгийн сувилагчаар ажиллаж байсан. Одоо сувилахуй хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Одоогоос 20 жилийн өмнө иргэд эрүүл мэнд тал руугаа анхаардаг байсан бол одоо нийгмийн эрүүл мэнд тал руугаа хөгжиж, иргэдийн мэдлэг мэдээлэл дээшилсэн. Тиймээс сувилагч нар маань ч гэсэн энэ чиг хандлага руу явж байна. Тухайн үед үйлчлүүлэгчид эм тариа хийлгэвэл сайжирдаг гэсэн ойлголттой байдаг байсан бол одоо өөрчлөгдсөн. Сувилагчийн нөөц хомсдож байгаа ч гэсэн сувилагч мэргэжлийн үнэ цэн улам өсөж, мэргэжлээ гэсэн сэтгэлтэй хүмүүс ихсэж байна. 2023 оноос сувилагч мэргэжлийг улс орон даяар төдийгүй дэлхий нийтээр анхаарч эхэлсэн болохоор энэ чиглэлээр суралцах хүсэлтэй залуус их болжээ. Хөдөө орон нутагт ажиллахад хүндрэлтэй зүйл гэвэл орчин нөхцөл байдаг. Орчин нөхцөлийг сайжруулбал хөдөө орон нутагт ажиллах сувилагч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн тоо нэлээд нэмэгдэх байх. Тиймээс залуу сувилагчдыг хөдөө орон нутагт соёлыг түгээж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдэд хүргэхийн тулд ажиллаасай гэж хүсэж байна.


“Сувилагч танаараа бахархъя-2024” үйл ажиллагаанд  Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд, Эрүүл мэндийн сайд, Ерөнхийлөгчийн зөвлөх, ЭМЯ-ны харьяа аймаг, нийслэлийн болон бусад салбарын харьяа эрүүл мэндийн байгууллагын сувилагч, эрүүл мэндийн ажилтан, Монгол Улс дахь НҮБ-ын төрөлжсөн байгууллагын төлөөлөл 2 500 гаруй хүн оролцов.

 




Related news