Агаарын хүчтэй урсгалд орсон онгоцны зорчигч нас баржээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2024-05-22 09:19:24

БАНГКОК, 2024 оны тавдугаар сарын 22 /CNN/. Лондон-Сингапурын чиглэлд нислэг үйлдэж байсан агаарын тээврийн Сингапур Эйрлайнс компанийн нисэх онгоц агаарын хүчтэй турбулент урсгалд орж, чичиргээ үүссэний улмаас нэг хүн нас барж, 71 хүн бэртэж гэмтжээ.


Boeing 777-300ER онгоцны чиглэлийг өөрчилж, Бангкок хотод буулгасан гэж Сингапур Эйрлайнс компанийн фэйсбүүк хуудсанд мэдээлсэн байна. Уг онгоцонд 211 зорчигч, нисэх багийн 18 гишүүн байжээ. Гэмтэж бэртсэн 30 зорчигч эмнэлэгт эмчлүүлж байгаа бол бусад хүн амбулаторийн тусламж авч байна.


Амиа алдсан хүн бол Их Британийн иргэн, 73 настай эрэгтэй Жефф Китчен юм. Бангкокийн Суварнабхуми олон улсын нисэх онгоцны буудлын ерөнхий менежер Киттипонг Киттикачорн мягмар гарагт мэдээлэхдээ, талийгаач зүрхний өвчтэй байсныг урьдчилсан шалгалтын явцад тодорхойлсон бөгөөд задлан шинжилгээ үргэлжилж байна гэлээ.


Ж.Китчен нас барсан болохыг түүний 35 гаруй жилийн турш ажилласан Thornbury Musical Theatre групп баталсан бөгөөд түүнийг үнэнч шударга зантай, жинхэнэ жентлемен хүн байсан хэмээн тодорхойлжээ. Амиа алдсан зорчигчийн гэр бүлд дэмжлэг үзүүлж байна гэж Их Британийн Гадаад хэргийн яамнаас CNN” телевизэд мэдээлсэн байна.


Нисэх онгоц орон нутгийн цагаар мягмар гаргийн 15:45 цагт Тайландын нийслэлд газардахаас 10 минутын өмнө багийн гишүүд ослын буулт хийх тухайгаа мэдэгджээ. Хэд хэдэн зорчигчийн гар хугарсан бол бэртэж гэмтсэн хүмүүсийн ихэнхийнх нь нүүр, бие нь зүсэгдэж, хөхөрсөн байна.


Тэдний заримыг ойролцоох Самитивеж Сринакарин эмнэлэгт хүргэсэн гэж К.Киттикачорн хэлээд, 200 орчим зорчигч зорьсон газар руугаа нисэхээр хүлээж байна гэв. Удалгүй 211 зорчигчийн 131 нь Бангкокоос Сингапур руу ниссэн байна.  


Эмнэлгийн удирдлагын мэдээлснээр, Малайз, Их Британи, Шинэ Зеланд, Испани, АНУ, Ирланд зэрэг улсын 71 иргэн гэмтэж бэртсэн байна. Тэдний дотор зургаан зорчигч хүнд бэртэл авчээ.

 


Related news