Хатуу төлөвт цэнэг хураагуурт 6 тэрбум юаний хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ТЕХНОЛОГИ
Jargal.d@montsame.mn
2024-05-30 10:32:15

ШАНХАЙ, 2024 оны тавдугаар сарын 30. /China Daily/. Хятадын засгийн газар хатуу төлөвт цэнэг хураагуурын технологийн судалгаа, хөгжүүлэлтэд 6 тэрбум орчим юань буюу 820 сая ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байна.


Ийм хэмжээний мөнгө нь тус салбарын хувьд хамгийн том хөрөнгө оруулалт болно гэж “China Daily” сонинд онцолжээ. Хятадын засгийн газар цахилгаан тээврийн хэрэгсэл, цэнэг хураагуур үйлдвэрлэгчдэд холбогдох хэд хэдэн төслийн судалгаа, хөгжүүлэлтийг нэгэн зэрэг явуулахад шаардлагатай санхүүгийн дэмжлэг үзүүлэх ажээ. Хатуу төлөвт цэнэг хураагуурын технологийг хөгжүүлэхэд оруулсан хөрөнгө оруулалт нь зах зээлд эерэг чиг хандлагыг бий болгож, шинэ төрлийн цэнэг хураагуурын хөгжүүлэлтийг улам хурдасгах төлөвтэй байна.


Хатуу төлөвт батерейнууд нь автомашины үйлдвэрлэлд шинэ технологи болж чадна. Ийм цэнэг хураагууруудыг полимер, сульфид зэрэг материалаар үйлдвэрлэдэг бол эрчим хүчний зарцуулалт нь нэг килограммд 400 гаруй Вт/цаг ажээ. Хятадад хатуу төлөвт цэнэг хураагууруудыг 2030 он гэхэд бөөнөөр үйлдвэрлэж эхлэхээр төлөвлөж байна гэж “China Daily” сонинд бичжээ. Ташрамд дурдахад, Японы автомашин үйлдвэрлэгч “Toyota” компани хатуу төлөвт шинэ цэнэг хураагуураа 2027 он гэхэд танилцуулна гэж 2023 оны зун мэдэгдсэн юм. 


Ийм цэнэг хураагуур бүхий машинууд нэг цэнэглэлтээр дор хаяж 1 мянган км замыг туулах чадвартай бөгөөд цэнэглэхэд 10 минут хүрэхгүй хугацаа зарцуулдаг байна.



Related news