ДУНДГОВЬ: Дотуур байрны сурагчид "Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” хөтөлбөрийн үр дүнг хэлэлцэв

ФОТО МЭДЭЭ
altantogos888@gmail.com
2024-05-31 17:43:24
altantogos

Мандалговь, 2024 оны тавдугаар сарын 31 /МОНЦАМЭ/. С.Буяннэмэхийн нэрэмжит Дундговь аймгийн төв номын сан, Сайнцагаан сумын Эрдмийн далай сургуультай хамтран дотуур байрны сурагчдын дунд “Ухаалаг утаснаас уншлагын цаг руу” хөтөлбөр хэрэгжүүлэн үр дүнгээ хэлэлцлээ.  


Тус номын сангаас хүүхэд бүрийг номтой нөхөрлүүлэн ном унших хүсэл эрмэлзэлтэй болгож, тэдний өөрийгөө илэрхийлэх чадварыг хөгжүүлэх “Олуулаа уншъя, номтой нөхөрлөе” аянаар олон хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. 



Тус хөтөлбөрт Эрдмийн далай сургуулийн дотуур байрны 119 хүүхэд хамрагдаж, 45 хоногийн турш “Номтой нөхөрлөе” бүлэг байгуулж, ном уншуулах нөлөөллийн ажил явуулж, долоо хоног бүр 8-10 шинэ ном солилцон уншиж, уншсан номынхоо агуулгаар хэлэлцүүлэг, асуулт хариултын тэмцээн, ном уншихын гайхамшгийг таниулах сургалт, уулзалт зохион байгуулж, тэмдэглэл хөтөлж, илтгэл тавих зэрэг олон ажил өрнүүлжээ.


Хөтөлбөрийн үр дүнгийн талаар 10а ангийн сурагч Д.Бямбажаргал “Аяны хүрээнд шинэ олон номоор оюун ухаандаа үнэтэй хөрөнгө оруулж, танин мэдэхүйн болон оюуны мэдлэгээ тэлсэн. Энэ хугацаанд “Номтой нөхөрлөе” номын клуб байгуулж, номын богц аялуулж, дотуур байрныхаа номын санг баяжуулж тохижуулсан. Хүүхэд бүр уншсан номоороо зураг зурах, тэмдэглэл хөтлөх зэргээр өөрийгөө хөгжүүлэх арга барилд суралцлаа.


Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хугацаанд ном хэрэглэгдэхүүн дутагдах, зарим хүүхэд идэвхгүй байх, ном унших орчин сайнгүй зэрэг бэрхшээл байсан. Хүүхдүүдийг номын сантай нөхөрлүүлэхэд номын сангийн ажилтнуудын туслалцаа, эелдэг боловсон харилцаа тустай гэж бодож байна. Энэ хөтөлбөрт бүх сургуулийн хүүхдүүдийг хамруулмаар санагдаж байна” гэлээ.



Харин 10в ангийн сурагч Н.Мишээл “Хөтөлбөрт оролцоход хүүхэд бидэнд орлого байхгүй учраас бүтээл хийхэд хэрэглэгдэхүүнээ авч чадахгүй байх болон шалгалт шүүлэг давхцах бэрхшээл тулгамдаж байсан. Мөн энэ хөтөлбөрийн хугацаа богино байлаа. Цаашид аймгийн бүх сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг хамруулмаар байна” гэлээ.



Хөтөлбөрийг удирдсан багш, номын санч Ц.Оюунжаргал “Энэ хөтөлбөрийг анх удаа хэрэгжүүллээ. Дотуур байрны хүүхдүүд маань өглөө эрт ном унших дадалд бүтээлчээр суралцсан. Хүүхдүүдэд маш олон ахиц, өөрчлөлт гарлаа. Цаашид аймгийн төвд байгаа 4 сургуулийн дотуур байрны хүүхдүүдийг хамруулан, үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.


Энэ хөтөлбөрөөс бид өөрсдөө ч маш олон зүйлийг ойлгож авлаа, цаашид үйл ажиллагаандаа хэрэгжүүлэхэд анхаарна” гэсэн юм.