О.Оюунтуяа: Дорнын гүн ухааныг өрнийн урлагийн хэлээр чадварлаг илэрхийлсэн гэж Монголын бүтээлийг үнэлсэн

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
khandmaa@montsame.gov.mn
2024-06-06 11:44:24

Улаанбаатар, 2024 оны зургаадугаар сарын 6 /МОНЦАМЭ/. ХБНГУ-ын Бюделсдорф хотноо НордАрт олон улсын дүрслэх урлагийн 25 дахь удаагийн үзэсгэлэнг 6-р сарын 1-нд албан ёсоор нээсэн билээ. НордАрт-ын Монгол Улсын 5 дахь удаагийн бие даасан павильонд 21 монгол уран бүтээлчийн шинэлэг, өвөрмөц урлалуудыг толилуулж буй. 

Мөн Бүгд Найрамдах Итали Улсад зохион байгуулж буй, дүрслэх урлагийн салбарын нэр хүндийн ноён оргил Венецийн 60 дахь удаагийн биенналь үргэлжилж буй билээ. Дэлхийн орчин үеийн дүрслэх урлагийн шилдгийн шилдгүүд цугладаг, энэхүү хоёр алдартай үзэсгэлэнгийн Монголын павильоны ерөнхий зохион байгуулагчаар ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын элч О.Оюунтуяа томилогдон ажиллаж байгаа юм. Түүнээс үзэсгэлэнгүүдийн сонин сайхныг хуваалцлаа. 


-Дэлхийн дүрслэх урлагийн хамгийн нэр хүндтэй Венецийн биеннальд хэдэн оноос монголчууд оролцож эхэлсэн бэ?

-Дэлхий дахинд 2 жил тутам зохион байгуулдаг 200 гаруй биенналь, олон улсын үзэсгэлэнг байдаг. Венецийн биенналь нь дүрслэх урлагийн салбартаа хамгийн томд, А зэрэглэлд тооцогддог. Монгол Улс 2015, 2017, 2019, 2022 онд дөрвөн удаа павильоноор оролцож байв. Энэ удаа 60 дахь удаагийн Венецийн биеннальд манай улс 5 дахь удаагаа бие даасан павильноор оролцож байгаагаараа ач холбогдолтой.

Монголын павильон маань долоон сарын хугацаанд нээлттэй байх юм. Венецийн биенналийг 2022 онд 800 мянга гаруй хүн үзсэн гэсэн статистик бий. Тэгэхээр Монголын павильоныг 11 дүгээр сарын сүүлч хүртэл хамгийн доод тал нь 150 мянга, дээд тал нь 200-250 мянган хүн үзнэ гэж бид таамаглаж байгаа.


-60 дахь удаагийн Венецийн биенналь ямар онцлогтой болж байна вэ?

-Энэ жилийн үндсэн үзэсгэлэнд 330 гаруй уран бүтээлч сонгогдон оролцсон. Венецийн биенналийн 2 дахь хэсэг буюу дүрслэх урлагийн салбараа сурталчлах үүднээс улс орнууд бие даасан павильоноор оролцдог. Энэ жил 88 улс орон оролцсоны нэг нь Монгол Улс юм. Түүнчлэн 3 дахь хэсэг болох дагавар хөтөлбөр гэж бий. Энд нь томоохон музей, сангууд бие даасан үзэсгэлэнгээ гаргадаг юм.

Энэ жилийн үзэсгэлэн “Харийнхан хаа сайгүй“ гэсэн сэдэвтэй. Мөн түүхэндээ анх удаа Европын бус куратор сонгогдож ажиллалаа. Энэ жилийн куратор маань дэлхийд хөндөгдөж буй асуудлууд, жендер, ялангуяа дүрвэгсэд, дайн дажин, байгаль цаг уурын тогтворгүй байдал зэргээс хамаарч, зарим улс өөрийн эх оронд ч харийнхан шиг байна гэх маягаар байгаль, эдийн засаг, улс төрийн сэдвийг олон талаас нь анхаарч үзэсгэлэнгээ зохион байгуулсан байна. Тиймээс олон эмэгтэй уран бүтээлч оролцсон, Европ болон олон улсын биенналиудад урьд нь оролцож байгаагүй уран бүтээлчдийг хамруулснаараа онцлогтой биенналь болж байна. 


-Тэгэхээр Венецийн биенналь дахь Монголын тав дахь павильоноор сонин сайхан юутай байна вэ?

-Манай улс Соёлын яамтай болсноор, дэлхийн А зэрэглэлийн биенналь, Каннын фестиваль зэрэг томоохон биенналь, фестивальд Монгол Улсыг албан ёсоор оролцуулах тогтоол гаргасан.

Монгол Улсын 5 дахь удаагийн павильонд УГЗ А.Очирболдын “Ирээдүйгээ өнөөдрөөс дахин нээхүй” гэдэг маш гүн ухаанлаг, уран баримлын өрөг урлагийг дэглэсэн байгаа. Манай төр, хувийн хэвшлийнхэн хамтарсан нь Монгол Улсынхаа нэрийг энэ Венецийн биеннальд гаргахын тулд мэргэжлийн өндөр түвшинд ажиллах боломж бий болгосныг дурдах ёстой. Маш богино хугацаанд кураторын багаа бүрдүүлэн, санхүүжилт босгоод, энэ павильоныг зохион байгуулсандаа сэтгэл хангалуун байгаа. 

 “UB art gallery”-гийн үүсгэн байгуулагч, “Sound of Mongolia”-гийн продюссер Х.Дамдинсүрэн маань богино хугацаанд чадварлаг ажилласан. Ард санхүүгийн нэгдэл, “Өнгө аяс” ХХК, МИАТ, “Air pacific” тээврийн компани зэрэг байгууллага дэмжин ажиллалаа.

- Венецийн биенналийг зорих уран бүтээлчийг хэрхэн сонгож байна вэ?

- Соёлын яам 2023 оноос 15 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчийн баг гаргасан юм билээ. Монголын урчуудын эвлэл, Урлагийн зөвлөл зэрэг мэргэжлийн байгууллагын төлөөлөл тус багийн бүрэлдэхүүнд ажилладаг. Сүүлийн шалгаруулалтад 4 уран бүтээлч үлдсэнээс олонхын саналаар А.Очирболд сонгогдсон юм билээ.


-Энэ жилийн хувьд Монголын павильоны кураторын багт олон улсын мэргэжилтэн ажиллаж байгаа. Ер нь кураторын багийг хэрхэн бүрдүүлсэн бэ?

-Нэгдүгээр сарын дундуур куратораар ажиллах санал ирсэн. Уран бүтээлчтэйгээ ажиллахад маш богино хугацаа үлдсэн байсан л даа. Тэгээд Монголын павильоныг олон улсын мэргэжлийн түвшинд зохион байгуулахын тулд багтайгаа зөвлөлдөж, ко-куратороор ХБНГУ-ын Күнстхалле Дюссельдорф музейн захирал Др.Грегор Янзэныг урьсан.

Күнстхалле Дюссельдорф нь 1881 онд дэлхийд анх удаа орчин үеийн урлагийг хөгжүүлэх зорилготой байгуулагдсан институт юм. Захирлаар нь сүүлийн 10 жил ажиллаж байгаа Др.Грегор Янзэн бол манай уран бүтээлч А.Очирболдыг 2019 оноос мэдэх учир баг болж ажиллахад маш их дөхөм байлаа. Олон улсын мэргэжилтэн манай уран бүтээлчийн чадварыг хэрхэн харж байгаа нь чухал байсан л даа.

Кураторын багаас гадна хэвлэл мэдээллийн баг маань ч олон улсын мэргэжилтнүүдээс бүрдэж байгаа. Италийн хэвлэлийн агент Лиза Балассо, олон улс буюу Германыг хариуцсан мэргэжилтэн Катрин Лутц нар ажиллаж байна. Дүрслэх урлагийн салбарт маш чухал гэж үнэлэгддэг “Kүнстфорум”, “Артнет”, “Доёочэ Вэллэ-гээс ирж, Монголын павильоныг сурвалжиллаа.


- "Ухамсар" бүтээлд маань байдаг "мэдээлэл солилцох" өгүүлэмжийг Венецийн биенналь дахь бүтээлдээ мөн  шингээсэн. Хүн хүссэн хүсээгүй нийгэмтэйгээ, бие биетэйгээ салшгүй холбоотой гэдэг санааг тусгасан" хэмээн манай агентлагт өгсөн ярилцлагадаа уран барималч А.Очирболд өгүүлсэн. Түүний бүтээлд өөр ямар онцлог илэрхийлэл дүрслэгдэж байна вэ?

-Уран бүтээлч маань буддын шашны догшин сахиус Ситипати буюу Дүртэддагва шүтээний дүрслэлээс санаа авч, гурван нүдтэй гавлын яс нь амьдралын мөнх бусыг сануулж, сүнслэг ертөнцийн тухай ойлголт, түүний шилжилт, дээд ухамсар, гэгээрлийн эрэлхийллийг илэрхийлсэн “Ирээдүйгээс өнөөдрийг дахин нээхүй” гэсэн маш гүн ухаанлаг бүтээл туурвисан.

Уран бүтээлч маань 2013 оноос хойш хүний дотоод ухамсрыг сэдэв болгон бүтээлээ туурвиж байгаа. “Ухамсар” бүтээл нь манай улс байтугай дэлхийд нэртэй, НҮБ-ын цэцэрлэгт хүрээлэнд 2017 оноос хойш сүндэрлэж байгаа шүү дээ.


-Монголын павильоноор зочилсон хүмүүс ямархуу сэтгэгдэлтэй байна вэ?

-Одоогоор, манай павильон өдөрт хамгийн багадаа 700 гаруй хүн, үзэгч ихтэй амралтын өдрөөр 1200-1500 хүнтэй байх жишээтэй байна. Венецийн биенналийн үндсэн үзэсгэлэнгийн хаалганаас 20 метр зайтай байрлаж буй болохоор манай павильон байрлал сайтай гэсэн үг.

Монгол Улсын павильон 4-р сарын 18-нд нээлтээ хийж, улс төр, соёл урлаг, бизнесийн нөлөө бүхий 200 гаруй тусгай зочныг урьж оролцуулсан. Хэвлэлийн хуралд маань олон улсын 50 гаруй хэвлэл мэдээллийнхэн ирж сурвалжилсан. Бидэнд олон улсын мэргэжлийн шүүмж маш чухал. Монгол Улсын хувьд, хэд хэдэн шүүмж гарсны дотор дорнын гүн ухааныг өрнийн урлагийн хэлээр маш сайн гаргаж чадсан гэж дүгнэсэн байна билээ.


-НордАрт үзэсгэлэнгийн тухай бас танаас тодруулмаар байна. Венецийн биенналь 2 жилд нэг удаа, харин НордАрт жил бүр зохиогддог. Европ болон Германдаа ихээхэн нэр хүндтэй олон улсын энэхүү үзэсгэлэнгийн өнөө жилийн өнгө ямар байна вэ?

-Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Германы 3-4 мужид 6-7 томоохон үзэсгэлэн зохион байгуулж байгаагийн нэг нь НордАрт-д дахь Монгол Улсын павильон юм. Энд 21 уран бүтээлчийн 50 гаруй бүтээлийг 6-р сарын 1-нээс 10-р сарын 6-ны хооронд 120 мянга гаруй үзэгчид толилуулна.

НордАрт энэ жил 25 жилийнхээ ойг тэмдэглэж байна. Монгол Улстай хамтран ажиллаад 10 жил болж байгаа. Энэ хугацаанд 120 уран бүтээлчийнхээ 350 орчим бүтээлийг танилцуулжээ. Энэ жил энэ тоо дахиад нэмэгдэж байгаа гэсэн үг.

2015 онд Монголын павильоныг анх удаа онцлох орноор оролцуулж, 33 уран бүтээлчийн 120 гаруй уран бүтээлийг дэлгэж байсан. Тэдний нэг нь уран бүтээлч А.Очирболд маань байсан юм.


-Их сайхан бэлгэдэлтэй тооны уран бүтээлч энэ жил оролцож байгаа юм байна. Монгол зураасан зургийн нарийн ажиллагаа, хар төмрийг зэврүүлэх, өнгөлөх зэрэг техник, мөн холимог техникээр ч урласан бүтээлүүдийг манай уран бүтээлчид оролцуулж байгаа юм билээ. Ер нь, НордАрт-д хөл тавихын тулд ямар шалгуурыг давах ёстой вэ?

-НордАрт-ын онцлог нь эхлээд, шалгаруулалтад 100 гаруй орны 3500-4000 уран бүтээлч өргөдлөө өгч, бүтээлээ явуулдаг. Куратор, шүүгчийн баг 200-250 уран бүтээлчийг сонгодог. Манай 21 уран бүтээлчийн бүтээлүүд нь онцлог чадварлаг байсан учир сонгогдсон гэсэн үг.


Анх А.Очирболд уран бүтээлч маань 2015 онд “Хүн дэлхийд жин нэмээгүй” бүтээлийг газар дээр нь туурвиад, 80 мянган үзэгчийн хүндэтгэлийг хүлээж, үзэгчдийн шагнал хүртэж байсан. Мөн 2019 онд НордАрт-ын хамгийн дээд шагналыг “Дэгрээ” бүтээлээрээ хүртсэнээрээ монгол уран бүтээлчдийн чадварыг харуулж байлаа.


-Олон улсын үзэсгэлэнг зохион байгуулах, тэдгээрт оролцохын ач холбогдлыг та хэрхэн үздэг вэ?

-НордАрт нь 2018 оноос хойш дэлхийд заавал очиж үзэх ёстой томоохон олон улсын үзэсгэлэнгийн эхний 10-т орж байгаа. Арван жилийн түншлэлдээ түшиглэн, Монгол Улс руугаа соёлын аялал жуулчлалыг татах үүднээс 2023 онд НордАрт-тай хамтран, Mongolian art” олон улсын уран баримлын симпозиумыг Улаанбаатар хотдоо зохион байгуулсан. Мөн “Эх дэлхийгээ анагаахуй” үзэсгэлэнгийн хүрээнд, Күнстхалле Дюссельдорф музей, Чингис хаан Үндэсний музейн хамтын ажиллагааг бий болгож байгаа.

Соёлын аялал жуулчлал НордАрт дээр жинхэнэ утгаараа явагддаг. АСО групп нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ашгийн бус сан байгуулан НордАрт-ыг жил бүр зохион байгуулж байна. Үзэсгэлэндээ 1.5-2 сая еврогийн хөрөнгө оруулалт хийдэг. Тэгэхээр 120 мянган үзэгч, дор хаяж гурван өдөр тухайн хотод байхдаа, зочид буудал, хоол ундандаа хүн бүр 300-500 евро зарцуулна. Тэгэхээр зөвхөн НордАрт-аар дамжуулан 4 сарын хугацаанд наад зах нь 60 сая еврогийн орлого олж тухайн муж буюу хотдоо эдийн засгийн эргэлтийг бий болгож байна.


-Уран бүтээлчдийн хувьд ч, ганзага дүүрэн олзтой ирдэг байх ...?

-Тэгэлгүй яах вэ. НордАрт-д 200 гаруй уран бүтээлчийн 1200 гаруй бүтээл тавигдаж байна. Венецийн биеннальд уран бүтээлчид, кураторууд, шүүмжлэгчид цуглардаг тул дэлхийн урлагийн салбарын өнөөгийн хөгжил хаана явааг мэдэх, харьцуулалт хийх, туршлага солилцох боломж гарч  ирдэг.

Венецийн биенналийн хувьд харьцангуй улстөржсөн шинжтэй, нэн орчин үеийн урлаг тал руугаа медиа, инстолляц зэрэг урлагийн төрөл давамгайлдаг бол, НордАрт-д дүрслэх урлагийн бүхий л салбарыг хамруулдаг. НордАрт-ын Монголын павильонд сонгогдсон уран бүтээлчид нээлтийн үеэр очиж үзэсгэлэнгээ үздэг. Тэдэнд зориулсан 7-10 өдрийн тусгай хөтөлбөрийг бид хэрэгжүүлдэг. Өнгөрсөн 10 жилийн түүхээсээ харахад, НордАрт-д очсон уран бүтээлчид буцаж ирээд маш их бүтээлч, тууштай болсон нь харагддаг. Бүтээлийнхээ материалыг сонгохоосоо эхлээд маш өөр болсон байдаг.

Түүнчлэн НордАрт-ын үзэгчид Монголын павильон, уран бүтээлчийг хүлээдэг болсон. Сонирхдог уран бүтээлч нь ирэх жил сонгогдсон байна уу, орж ирсэн бол бүтээлч сэтгэлгээ нь хэрхэн хөгжсөнийг харах гэж хүлээдэг болсон байх жишээтэй.


-НордАрт-ыг удахгүй албан ёсоор нээнэ. Их ажлын дундуур ямар ажлаар Улаанбаатарт ирээд байгаагаа хуваалцаж болох уу?

-“Соёл урлаг хэвлэл мэдээллийн төслийн менежмент зөвлөх” гэсэн ТББ-ын хүрээнд, “Чингис хаан” Үндэсний музейтэй хамтран дэлхийд нэрд гарсан уран бүтээлчийн эх бүтээлүүдийг Монгол Улсад авчрах гэж байгаа. Энэ хүрээнд хоёр талдаа,

Монголын нүүдлийн соёл иргэншил дэлхийн орчин үеийн урлагийн хөгжилд, ялангуяа дэлхийд нэрд гарсан уран бүтээлчдийн туурвилд хэрхэн нөлөөлсөн бэ гэсэн агуулгатай үзэсгэлэнг 6 дугаар сарын 28-наас 9 дүгээр сарын 8-ны хооронд Германд, 9 дүгээр сарын 26-наас 12 дугаар сарын 1-ний хооронд Чингис хаан Үндэсний музейд зохион байгуулна.

 “Эх дэлхийгээ анагаахуй” хэмээх энэхүү үзэсгэлэнгийн хүрээнд, Монголын нүүдлийн түүх соёлыг судлан, Монгол, Германы буюу олон улсын хамтарсан 17 уран бүтээлч өөрсдийн бүтээлийг туурвин үзэгчдийн хүртээл болгохоор ажиллаж байна.

Одоогоор 3 уран бүтээлч Монголд ирээд, 3 долоо хоногийн хугацаанд Баян-Өлгий аймагт нэг нь шувуудын ан, ангийн шувуудыг, нөгөөх нь Хүннүгийн үеийн ваар шаврын урлаг Монголд хэрхэн хөгжиж байсныг судалж байна. Гурав дахь нь нүүдлийн соёлд эмэгтэйчүүдийн үүрэг ямар байдгийг судалж, үзэсгэлэнд оролцох бүтээлийнхээ бэлтгэлийг хийж байна.


НордАрт-д оролцож буй монгол уран бүтээлчдийн бүтээлийг https://montsame.mn/mn/read/345388 линкээс сонирхоорой. 


Related news