ДАРХАН-УУЛ: Шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэх төлөвлөгөөг хүлээлгэн өгөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-13 14:21:46

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 13 /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймагт музей, номын сангийн цогцолбор барилга барьж байгаатай холбогдуулан Дархан-Уул аймгийн Засаг даргын 2022 оны 01-А/343 дугаар тоот захирамжаар “Шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэлтийн төлөвлөгөө” боловсруулах ажлын багийн бүрэлдэхүүнийг баталсан байна. 




Тус ажлын баг шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэх төлөвлөгөөг шинжлэх ухааны үндэслэлтэй боловсруулж аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхланд хүлээлгэн өглөө.


Дархан-Уул аймгийн шинэ музейн үзэл баримтлал, үзүүллэг дэглэх төлөвлөгөөг гаргаснаар соёлын өвийг эрэн сурвалжлах, шинээр бий болгох, хадгалж хамгаалах, түгээн дэлгэрүүлэх, баяжуулан хөгжүүлэх, соёлын хэв маягийг гаргаж өгөх зорилготой юм.




Ажлыг баг аймгийн музейн цаашдын хөгжлийн чиг хандлага, үйл ажиллагааны үндсэн чиглэл, хамрах хүрээ, сан хөмрөгийн цуглуулгын баяжилт, үзүүллэг, дэглэлтийн бодлогыг бүс нутгийн хөгжлийн түвшинд тодорхойлжээ. Аймгийн шинэ музей нь угсаатан, түүх болон олон соёлын нэгдмэл шинжтэй байх ажээ.




Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Миний Монгол цэцэрлэгт хүрээлэнд барьж буй музей, номын сангийн цогцолборын барилгыг 2025 онд дуусгаж, ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Related news