ДАРХАН-УУЛ: Хүндэт доноруудад үнэмлэх, энгэрийн тэмдэг гардуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2024-06-14 13:51:35

Дархан, 2024 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас жил бүрийн 6 дугаар сарын 14-ний өдрийг Цусны донорын дэлхийн өдөр болгон 2004 оноос эхлэн тэмдэглэж ирсэн. Энэ өдөр 35 болон түүнээс дээш цусаа хандивласан зургаан иргэн МУЗН-ийн “Хүндэт донор”-ын болзол хангалаа.


Хамгийн залуу нь 28 настай Б.Амаржаргал бөгөөд арван жилийн өмнөөс сайн дураараа цусаа хандивлаж эхэлжээ.


Энэ жил уг өдрийг “Амьдрал бэлэглэсэн-20 жил” уриан дор тэмдэглэж “Хүндэт донор”-ын болзол хангасан зургаан иргэнд үнэмлэх, энгэрийн тэмдгийг аймгийн ЭМГ-ын дарга Б.Эрдэнэтулга, УЗХ-ны дарга Б.Отгонбаяр, Цусны салбар төвийн эрхлэгч Ч.Батсүрэн ЭМГ-ын эмийн мэргэжилтэн Ж.Урангоо, Нэгдсэн эмнэлгийн, Эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Х.Буяндэлгэр нар гардууллаа.


Аймгийн Цусны салбар төвд бүртгэлтэй 2350 донор байдаг. Үүнээс 150 ба түүнээс дээш цусаа хандивласан алтан донор нэг, 70-100 удаа цусаа хандивласан мөнгө, хүрэл донорууд тус бүр гурав байна.


Ташрамд бусдын амийг аврахын төлөө цусаа бэлэглэдэг ачтан доноруудын ариун үйлсийг сурталчлах, тэдэнд талархал илэрхийлэх, олон нийтэд алдаршуулах, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх зорилготой уг өдрийг улсын хэмжээнд тэмдэглэдэг уламжлалтай.
















Related news