Жулиан Ассанж Их Британийн шоронгоос суллагджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2024-06-25 08:50:58

ЛОНДОН, 2024 оны зургаадугаар сарын 25 /TASS/. “Викиликс” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанж Их Британийн шоронгоос суллагдаж, онгоцоор төрөлх Австрали улс руугаа ниссэн тухай тус цахим хуудас олон нийтийн X сүлжээнд мэдээлжээ.


Тэрбээр Белмаршийн чанга дэглэмтэй шоронд 1901 хоног хоригдсоны эцэст зургаадугаар сарын 24-ний өглөө суллагдсан байна. Лондоны Дээд шүүх түүнийг батлан даалтад гаргах шийдвэр гаргаж, Ж.Ассанж үдээс хойш Стэнстед нисэх онгоцны буудалд суллагдсан бөгөөд тэндээс Австрали руу ниссэн байна. 


Ж.Ассанж болон АНУ-ын прокурорын газрын хооронд гэм буруутайд тооцох гэрээ байгуулсан тухай Америкийн шүүхийн мэдээллийг “Викиликс” мөн баталсан байна. Гэхдээ тус байгууллагын мэдээлснээр гэрээ "албан ёсоор эцэслэгдээгүй" байгаа аж.


Ж.Ассанж уг гэрээний хүрээнд гэм буруугаа хэсэгчлэн хүлээж магадгүй тухай дурдсан баримт бичгийг өмнө нь Умард Марианы арлууд дахь АНУ-ын Холбооны тойргийн шүүх нийтэлсэн байна. Энэ нь Ассанжид таван жил хоригдсоныхоо дараа суллагдах боломжийг олгоно гэж NBC телевизээр мэдээлжээ.

Related news