Археологичид хамгийн эртний хадны зургийг илрүүлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2024-07-05 14:13:17

ЖАКАРТА, 2024 оны долоодугаар сарын 5 /RT/. Индонезын Сулавеси арлын Леанг Карампуанг агуйгаас 51 200 жилийн өмнөх үед хамаарах хамгийн эртний хадныг зургийг илрүүлжээ. 


Олон улсын судлаачдын багийн олсон уг зурагт өөр хоорондоо өгүүлэмжээр холбоотой зэрлэг гахай, гурван хүнийг дүрсэлсэн байна.


Агуйн зургийг 2017 онд илрүүлсэн хэдий ч олдворын насыг 2024 оны эхээр л эцэслэн тодорхойлжээ. Эрдэмтэд зураг дээр ургасан шохойн чулууны давхаргыг хуулж авсны дараа түүнийг лазераар ууршуулан задралын явцад үүссэн уран ба торийн харьцаанд үндэслэн давхарга бүрийг насыг тогтоосон байна.


“Хамгийн багадаа 51 200 жилийн өмнөх үед хамаарах энэхүү дүрслэл нь одоо хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн эртний хадны зураг болж байна” гэж “Nature” сэтгүүлд нийтлэгдсэн өгүүлэлд онцолжээ. 


Өмнө нь Индонезын Сулавеси арлын Леанг Булу Сипонг агуйгаас археологичид ойролцоогоор 45 500 жилийн өмнөх үед хамаарах дэлхийн хоёр дахь хамгийн эртний хадны урлагийг илрүүлж байсан юм. Харин шинэ судалгаагаар уг олдворыг наад зах нь 48 000 жилийн настай гэж тодорхойлсон байна. 


Related news