Александр Карманн: Наадам тойрсон уламжлал, зан заншил нь их өвөрмөц, сонин, гайхалтай санагдлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2024-07-13 12:27:00

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 13 /МОНЦАМЭ/. Энэ жилийн баяр наадмыг хамгийн их буюу 2000 гаруй жуулчин үзсэн мэдээтэй байгаа. Бид Герман улсаас ирсэн Александр Карманн, Кристине Карманны гэр бүлтэй уулзаж наадмын талаарх сэтгэгдлийг нь сонсов.


Александр Карманн, "Би эрдмийн хүн. Монголд хувиараа ирж ажиллаж байгаа. Харин манай эхнэр жуулчилж яваа (инээв). Би Монголд 20-иод жилийн өмнө анх ирж байсан. Энд эдийн засгийн чиглэлээр багшилж, олон шавьтай болоод байна" гэв.


Тэрээр энэ жил наадмын нээлт, бөхийн эхний даваа, их насны морьдын уралдаан гээд их олон юмыг үзжээ. Энэ тухайгаа "Бүгд өвөрмөц санагдсан. Гэхдээ уралдаан бол уралдаан, спорт бол спорт. Харин тэдгээрийг тойрсон уламжлал, зан заншил их тод, сонин, өвөрмөц, гайхалтай харагдлаа.

Би наадмыг 2-3 дахь жилдээ үзэж байна. Харин эхнэр маань Монголд анх удаа ирж буй болохоор бас өөр, сонин санагдсан байх. Үнэндээ би наадмын зохион байгуулалтыг ийм сайн байна гэж бодоогүй. Энэ жил их сайхан зохион байгуулсныг дурдах хэрэгтэй" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.


Харин түүний гэргий Кристине Карманн, "Монголын үндэсний баяр наадам их олон янзын өнгө сүлэлдсэн өвөрмөц болдог юм байна. Монгол наадам нь үндэсний олимпиад болж байгаа юм шиг мэдрэмж төрүүлж байлаа" хэмээн ярьсан юм.


Тэднээс баяр наадмын Үндэсний сурын талбайд ирснийг сонирхон асуувал, нэгд, бид Монгол үндэстний энэ спортыг сайн мэдэхгүй, хоёрт сурын харвааг үзвэл сонирхолтой гэж монгол нөхөд маань зөвлөсөн учир энд ирээд байна гэв.

Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэхэд юу дутагдаж байна, юу чухал гэж үзэж байгааг нь Александр Карманнаас сонирхоход, "Монголд ирэхэд тээврийн асуудал чухал байдаг. Хот дотроо түгжрэлдээд, хөдөө орон нутаг явъя гэхээр холын зам туулдаг учир юуны өмнө зам, тээврийн асуудлаа шийдчихвэл болмоор санагддаг.


Монгол орны байгалийн сайхан, хоол хүнс нь экологийн цэвэр бүтээгдэхүүн, амьдрал ахуй нь нүүдлийнхээрээ байгаа гэдгийг гадаадынханд сайн ойлгуулж чадвал илүү олон жуулчин татна" хэмээж байв.

Түүнчлэн тэрээр, "Үнэндээ 20-иод жилийн өмнө Монголд анх ирэхэд хот доторх авто машины хөдөлгөөн өнөөдрийнх шиг түгжрэлтэй байгаагүй. Хотын хөдөлгөөний менежментийг сайжруулахад зохицуулалт, зохион байгуулалт үгүйлэгдэж байна. Монгол Улс барууны орнууд шиг хөгжих их боломж, ирээдүйтэй улс. Энэ боломжоо алдалгүй, богино хугацаанд хэрэгжүүлэх хэрэгтэй" хэмээн нэмж хэлсэн юм. 

Related news